2019 оны 04 сарын 11-ний өдөр                Дугаар А/122              Улаанбаатар хот


Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /а/, 29.1.5 /в/, 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, 15 дугаар зүйлийн 15.5, 15.6, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.2.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоол, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 64 дүгээр тогтоол, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны А/52 дугаар тушаал, дүүргийн Онцгой комиссын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг “Өлзийт” хорооллын “Барилгачид”-ын 2 дугаар гудамж 27 тоотод оршин суух иргэн Б.Бат-Эрдэний гахайн аж ахуйд гоц халдварт “Гахайн Африкийн мялзан” өвчин илэрсэн нь Улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19-966 дугаар хариугаар тогтоогдсон тул 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоосугай.  

2. Хорооны нутаг дэвсгэрт гахайн аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гахайнд үзлэг тандалт явуулж, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахыг нийслэлийн Мал эмнэлгийн газрын Хан-Уул дүүрэг дэх Мал эмнэлгийн тасаг /Э.Хасбаатар/, Мал эмнэлэг үржлийн “Ганган буга” ХХК /Ч.Оюун/-д тус тус үүрэг болгосугай.  

3. Хорио цээрийн дэглэмийн бүсийг нийслэлийн Мал эмнэлгийн зөвлөмжийн дагуу тогтоож, дэглэмийг чанд сахиулах, мэргэжлийн удирдлагаар хангах штаб байгуулж, авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар тогтмол мэдээлэхийг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т, хорио цээрийн дэглэмийн бүсэд хяналтын цэг байгуулж ажиллахыг Цагдаагийн хоёрдугаар хэлтэс /Н.Батбаяр/-т, шаардлагатай тохиолдолд голомтод үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж ажиллахыг Нэгдсэн эмнэлэг /Д.Бааст/-т тус тус даалгасугай.

4. Хорооны нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, гахайн аж ахуй эрхэлж буй айл өрхүүдийн судалгаа гаргах, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, хорооны иргэдэд гахайн Африкийн мялзан өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгч ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.

5. Хорио цээрийн дэглэм сахиулах үйл ажиллагаанд шаардагдах зардлыг хавсралтаар баталж, батлагдсан зардал 12,438,816 /арваг хоёр сая дөрвөн зуун гучин найман мянга найман зуун арван зургаан/  төгрөгийг Засаг  даргын  нөөц хөрөнгөнөөс гүйцэтгэлээр гаргахыг  Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү,  төрийн сангийн  хэлтэс /М.Цогзолмаа/ тус тус зөвшөөрсүгэй.

6. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд даалгасугай.

  

                        ЗАСАГ ДАРГА                                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

65
13604
84943
4150764

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc