АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

 

2013 оны 03 сарын 15ы өдөр      Дугаар А/15             Улаанбаатар хот

 

Журам батлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Төрийн захиргааны албан ёс зүйн дүрэм”, Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”, Засаг даргын Тамгын газрын “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ыг Тамгын газар болон хороодын албан хаагчдад сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Захиргаа, хуулийн хэлтэс \М.Нямгэрэл\-т тус тус үүрэг болгосугай.

 

ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                          Л.ҮНЭНБАТ

                                              

           Хан Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын         

                                                            даргын 2013 оны 03 дугаар сарын 15- ны             

                                                            өдрийн А\15 дугаар тушаалын хавсралт

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЁС ЗҮЙН ХОРООНООС

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ

 ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ  ЖУРАМ

 

                                               

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

1.2  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хороо /цаашид ёс зүйн хороо гэх/-ны үйл ажиллагаа нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны болон төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, Төрийн байгууллагын соёл дэг журмыг сахих, төрийн байгууллага, албан хаагчдын нэр хүндийг  эрхэмлэн дээдлэх нийтлэг үүргээ биелүүлээгүй  захиргааны албан тушаалтны асуудлыг хэлэлцэн,  дүгнэлт гарган шийдвэрлүүлэхэд чиглэгдэнэ.

1.3  Ёс зүйн хороо нь үйл ажиллагаандаа  Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Засгийн газрын тогтоол, Төрийн албаны Зөвлөлийн тогтоол, Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн хорооноос Төрийн захиргааны албан хаагчдын ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам болон холбогдох хууль тогтоомжийг баримтлана.

Хоёр. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн

2.1 Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар томилно.

2.2  Ёс зүйн хороо нь орон тооны бус байх ба 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байна.

2.3 Ёс зүйн хорооны даргаар Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн дарга ажиллана.

  1. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд:

    - Захиргаа хуулийн хэлтсийн дарга

         - Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн

       - Захиргаа, хуулийн хэлтсийн эрх зүйн мэргэжилтэн

       - Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

       - Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны    хуулийн мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллана.

 

Гурав. Ёс зүйн хорооны нийтлэг чиг үүрэг

3.1 Ёс зүйн хороо нь төрийн захиргааны албан хаагчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах, ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар шалган тогтоож, санал, дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Ёс зүйн хорооны гишүүд нь ёс зүйн хорооны тухайн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажил үүргийг хуулийн хүрээнд хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээнэ.

3.2  Ёс зүйн хорооны дарга хуралдааныг даргалж, удирдан зохион байгуулна.

3.3  Ёс зүйн хорооны даргын дараах эрх, үүрэг:

3.3.1 Ёс зүйн хорооны ээлжит болон ээлжит бус хуралдааны товыг ёс зүйн хорооны дарга зарлан хуралдуулах

3.3.2  Хэлэлцүүлж буй асуудлаар хорооны гишүүдэд асуулт тавих, санал авах, гаргаж буй төслийг танилцуулах 

3.3.3  Ёс зүйн хорооны хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, дүгнэлтэй танилцаж баталгаажуулна.

3.3.4 Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн асуудал дүгнэлтийг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх.

3.4  Ёс зүйн хорооны нарийн бичгийн даргын эрх,  үүрэг:

3.4.1 Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга нь Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн асуудлаар гомдол, өргөдөл, холбогдох баримт материалыг хүлээн авч судлан хорооны гишүүдэд энэ журмын  дагуу танилцуулан хуралдааны бэлтгэл ажлыг хангах

3.4.2 Хэлэлцэх асуудалтай холбогдох өргөдөл гомдлыг шалгаж хуралдаан эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө ёс зүйн хорооны даргад танилцуулна. Хуралдааны зарыг 2 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлж холбогдох материалыг танилцуулна.

3.4.3  Нарийн бичгийн дарга нь хуралдаанд хүрэлцэн ирсэн ёс зүйн хорооны гишүүдийн ирцийг бүртгэж, тэмдэглэл хөтөлнө.

3.4.4  Ёс зүйн хорооны хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, дүгнэлтийг хуралдаан дууссанаас хойш ажлын 3 хоногт багтаан ёс зүйн хорооны даргад танилцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.

3.4.5  Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн тухай мэдээг улирал бүр гаргаж Засаг даргын Тамгын газрын даргад танилцуулна.

3.5  Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, тайлбарлан таниулах асуудлыг хууль, эрх зүйн мэргэжилтнүүд хариуцаж ажиллана.

Дөрөв. Ёс зүйн хорооны гишүүдийн

чиг үүрэг, урамшуулал

 

4.1 Ёс зүйн хорооны гишүүд нь хуралдаанд оруулсан төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн асуудлаар дор дурьдсан эрхийг хэрэгжүүлнэ.

4.2 Хуралдааны явцад хэрэгжүүлж буй асуудалтай холбогдуулан урьдчилан баримт материалтай биечлэн танилцах, асуулт тавих, санал гаргах

4.3 Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн асуудлыг шийдвэрлэхэд нэмэлт мэдээлэл, тодруулга, баримт бичиг шүаардлагатай тохиолдолд холбогдох баримт бичгийг бүрдүүлж, дахин хэлэлцүүлэхээр санал гаргах

4.4  Ёс зүйн хорооны гишүүд нь гаргасан гомдолтой асуудлаар нотлох баримт материалтай танилцаж, эрх зүйн үндэслэлтэй эсэхийг судлан санал бодлоо бичгээр гаргах

4.5 Хэлэлцэх асуудалтай холбогдох материал саналыг тухайн гомдлыг шалгасан гишүүн хуралдаан эхлэхээс ажлын 3-аас доошгүй  хоногийн өмнө ёс зүйн хорооны нарийн бичгийн даргад хүргүүлнэ.

4.6   Ёс зүйн хороо шийдвэр гаргах  явцын мэдээллийн нууцыг чанд хадгална.

4.7 Ёс зүйн хорооны гишүүнтэй холбоотой асуудлаар гомдол гарсан тохиолдолд ёс зүйн хороо хянан үзэж, дүгнэлт гаргахад уг гишүүнийг  оролцуулахгүй.

4.8    Ёс зүйн хорооны гишүүдэд урамшуулал олгож болно.

Тав. Ёс зүйн хорооны хуралдаан

5.1 Ёс зүйн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Ээлжит, ээлжит бус гэсэн 2 хэлбэртэй байна. Хуралдааныг гишүүдийн 70 хувиас доошгүй ирцтэй тохиолдолд хүчинтэйд тооцно.

5.2  Ёс зүйн хорооны дарга хуралдааныг даргалж, удирдан зохион байгуулна.

5.3 Ёс зүйн хорооны хуралдаан нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай асуудлыг  танилцуулах, танилцуулгатай холбоотой асуулт тавих, хариулт өгөх, хэлэлцүүлж буй асуудлаар санал гаргах, дүгнэлтийн төсөлд санал хураах гэсэн дараалалтай байна.

5.4  Ёс зүйн хорооны ээлжит болон ээлжит бус хуралдааны товыг ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга гишүүдэд урьдчилан хүргүүлнэ.

5.5 Ээлжит хуралдааныг улирал бүрийн эхний долоо хоногийн дотор хуралдуулна. Ёс зүйн хорооны хуралдаанаар албан тушаалтны санал, хүсэлт тайлбарыг сонсож болно. Шаардлагатай үед ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж, хэлэлцэх асуудлыг газар дээр нь шалгаж болно.

5.6 Тухайн хэлэлцэх асуудлын онцлогтой холбогдуулж удирдах албан тушаалтан болон  мэргэжилтнүүдийг хуралдаанд оролцуулж болно.

5.7  Хуралдаанаар төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн асуудлыг хэлэлцээд уг асуудлаар илээр санал хурааж, хуралдаанд оролцогч гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргана. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн  саналаар шийдвэрлэнэ.

5.8 Хуралдаанаас гаргасан дүгнэлттэй зарчмын зөрүүтэй санал бүхий гишүүн саналаа хуралдааны тэмдэглэлд тусгайлан тэмдэглүүлж болно.

5.9 Ёс зүйн хорооны хуралдаанаас тайлбар, зөвлөмж, илтгэх хуудас, санал, танилцуулга, дүгнэлт гарна.

5.10 Ёс зүйн хорооны гишүүдэд урамшуулал олгож болно.

Зургаа.  Ёс зүйн хорооны хуралдааны 

дүгнэлтийг хэрэгжүүлэх

 

6.1 Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаарх тэмдэглэл, гаргасан дүгнэлтийг ёс зүйн хорооны дарга, хуралдаанд оролцсон гишүүд гарын үсэг зурснаар албан ёсны болж баталгаажна.

6.2   Ёс зүйн хорооны тэмдэглэл, дүгнэлтийг холбогдох материалын хамт эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн шийдвэрлүүлнэ.

6.3   Ёс зүйн хороо нь Засаг даргын Тамгын газрын даргад ажлаа тайлагнана.

6.4  Ёс зүйн хорооны үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг төлөвлөж хэрэгжүүлнэ.

 

Долоо. Гомдол мэдээллийн харьяалал

7.1  Дүүргийн Засаг даргын Тамгын газрын  албан ёсны бүтэц, орон тоонд хамаарах төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээлэл хамаарна.

Найм. Төрийн захиргааны албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

8.1  Ёс зүйн хороо нь зөрчлийн шинж чанараас хамааран сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлт гаргана.

8.2 Дараах тохиолдолд ажлаас халах дүгнэлт гаргана.

8.2.1 Ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн

8.2.2 Өмч хөрөнгө хулгайлсан

8.2.3  Хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулсан

8.3 Дараах тохиолдолд албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах дүгнэлт гаргана.

8.3.1 Ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байхдаа гадуур хувцастай явах, этгээд байдлаар хувцаслах,бүдүүлэг зан авир гаргах,

8.3.2 Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн иргэнийг ажлын байранд  дагуулан орж хэрүүл шуугиан дэгдээж, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах,

8.3.3 Нийслэл, дүүргийн хэмжээнд зохиогдож буй сургалт семинар, соёл урлаг, спорт, олон нийтийг хамарсан ажилд хүндэтгэх шалтгаангүйгээр оролцохгүй байх

8.3.4 Засаг даргын тамгын газрын хурал, зөвлөгөөнийг хүндэтгэх шалтгаангүйгээр таслах,

8.3.5 Төрийн байгууллагын ажлын байранд тамхи татах

8.3.6 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах, чөлөөний хугацаа хэтрүүлэх, зөвшөөрөлгүй ажлын байраа орхиж явсан

8.3.7 Ажлын байранд үндсэн ажлаас гадуур, хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхэлсэн

8.3.8 Ажлын байрнаас байгууллагын данстай компьютер тоног төхөөрөмж, бусад зүйлсийг зөвшөөрөлгүй авч гарах.

 

8.4 Ёс зүйн зөрчил нь гэмт хэргийн болон авилгын шинжтэй бол харъяаллын дагуу  шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлнэ.

8.5 Төрийн захиргааны албан хаагч нь эрх бүхий албан тушаалтны сахилгын шийтгэл  ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдлоо гаргаж болно.

  

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

9468
30167
125608
4896254

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc