ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДҮРЭМ


Дүүргийн Засаг даргын Тамгын газар,

 

хэлтэс, тасгийн дүрэм батлах тухай


 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33.1 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/32 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дүрмийг нэгдүгээр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дүрмийг хоёрдугаар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дүрмийг гуравдугаар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дүрмийг дөрөвдүгээр, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дүрмийг тавдугаар, Нийгмийн бодлогын хэлтсийн дүрмийг зургаадугаар, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дүрмийг долдугаар, Хууль зүй, архивын тасгийн дүрмийг наймдугаар, Аж ахуйн тасгийн дүрмийг ёсдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

 

2. Захирамжаар батлагдсан Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дүрэмд нийцүүлэн байгууллагын дотоод журмыг шинэчлэн боловсруулж батлах,  орон тооны хязгаарт багтаан албан хаагчдыг томилох, нийт албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг  шинэчлэх, цалин нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоон ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд /-т үүрэг болгосугай.

 

3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Дүүргийн Засаг даргын 2014 оны "Дүрэм батлах тухай" А/109 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

                       

 

                        ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН

 

  

 

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны

 

 ... дугаар сарын ....-ны өдрийн ........ дугаар

 

захирамжийн 1 дүгээр хавсралт

 

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН

 

ТАМГЫН ГАЗРЫН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Хан-Уул дүүргийн Засаг даргын ажлын алба нь түүний Тамгын газар мөн.

 

1.2. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар /цаашид Тамгын газар гэх/ нь дүүргийн Засаг даргын /цаашид Засаг дарга гэх/ бүрэн эрх, бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үйл ажиллагаанд эрх зүй, хэлтэс, тасаг, хороодын үйл ажиллагааг уялдуулан, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй.

 

1.3. Тамгын газрын ажлыг Засаг даргаас томилсон Тамгын газрын дарга удирдаж, Тамгын газрын үйл ажиллагааг Засаг даргын өмнө бүрэн хариуцна.

 

1.4. Тамгын газар үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төсвийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай болон бусад хууль тогтоомжууд, Нийслэлийн, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Нийслэл болон дүүргийн Засаг даргын захирамжийг удирдлага болгон ажиллана.

 

1.5. Тамгын газар үйл ажиллагаагаа явуулахдаа хуулийг дээдлэн хүндэтгэх,  ил тод байх,  төрийн албаны ёс зүйн зарчмыг баримтална.

 

1.6. Тамгын газар үйл ажиллагаагаа Засаг даргын бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн зорилгыг биелүүлэхэд чиглүүлж, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын хамтын ажиллагааг ханган, нутгийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлж ажиллана. Нутгийн захиргааны байгууллага, хороодыг өдөр тутмын шуурхай удирдлагаар хангана. 

 

1.7. Тамгын газар, түүний нэгжүүд дүрэмтэй, албан хаагчид ажлын байрны тодорхойлолттой байна. Дүрмийг Засаг даргын захирамжаар, ажлын байрны тодорхойлолтыг Тамгын газрын дарга тус тус батална.

 

1.8. Тамгын газар дотоод журамтай байх бөгөөд Тамгын газар, хороодын нийт албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж, биелэлтэд Тамгын газрын дарга болон нэгжүүдийн дарга нар хяналт тавина.

 

1.9. Тамгын газар хуулийн этгээд мөн бөгөөд тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

1.10. Тамгын газар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсөвт зардлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд санхүүгийн хувьд бие даасан байгууллага болох тул банкинд данс нээх, хөрөнгө зарцуулах эрхтэй байна.

 

Хоёр. Тамгын газрын удирдлага, зохион байгуулалт

 

2.1. Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Монгол Улсын Засгийн газар, ажлын байрны жагсаалтыг Нийслэлийн Засаг дарга тогтооно.

 

2.2. Тамгын газрын дарга энэхүү дүрмийн 2.1-т заасны дагуу тогтоосон орон тооны хязгаарт багтаан ажлын байрны жагсаалтын дагуу нэгжийн дарга, албан хаагчдыг томилж, чөлөөлнө.

 

2.3. Тамгын газрын үйл ажиллагааны тайлан, үр дүнг хагас, бүтэн жилээр гаргаж Засаг даргад, нэгжүүд үйл ажиллагааны үр дүнгээ улирлаар гаргаж Тамгын газрын даргад, ажилтнууд ажлын тайлангаа улирлаар гаргаж нэгжийн даргад тайлагнана.

 

Гурав. Тамгын газрын бүтэц, бүрэлдэхүүн

 

3.1. Тамгын газар Нийслэлийн Засаг даргын 2017 оны ...... захирамжийн дагуу Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цэргийн штаб, Хууль зүй, архивын тасаг, Аж ахуйн тасаг гэсэн үндсэн бүтэцтэй байх бөгөөд ажлын шаардлагаар зарим алба, төвийг нэмж ажиллуулах, татан буулгаж өөрчлөн зохион байгуулж болно.

 

3.2. Тамгын газрын хэлтэс, тасаг, хорооны эрхлэх ажил, тэдгээрийн ажлын зохион байгуулалтын зарчмыг Тамгын газрын дотоод журам болон хэлтэс, тасгийн дүрмээр нарийвчлан тогтооно. Хэлтэс, тасгийн дүрмийг Засаг даргын захирамжаар, Тамгын газрын дотоод журмыг Тамгын газрын дарга батална.

 

3.3. Тамгын газар Тамгын газрын дарга, хэлтсийн дарга, төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай албан хаагчдаас бүрдэнэ.

 

Дөрөв. Тамгын газрын хүлээх үүрэг

 

4.1. Тамгын газар хууль,  тогтоомжийн хүрээнд дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ.

 

4.1.1. Засаг даргаас бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийн тухайн жилийн зорилтыг хэрэгжүүлэхэд дүүрэг хороо, Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба, тасаг, байгууллагуудын үйл ажиллагааг төвлөрүүлэх, хяналт тавих, шаардлагатай бүх төрлийн  мэдээллийг боловсруулан дүгнэлт, саналбэлтгэх ажлыг зохион байгуулж Засаг даргыг мэдээллээр хангаж, ажиллах нөхцөлийг  бүрдүүлэх;

 

4.1.2. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороо, Засаг даргын дэргэдэх, хэлтэс, алба, тасаг байгууллагуудаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, шат дамжлагыг багасгах, иргэд, олон нийтийн санал гомдол, өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэх талаар ажил зохион байгуулж, хэрэгжүүлэх, тогтмол хяналт тавих;

 

4.1.3. Дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжил, хот байгуулалтын бодлого, төлөвлөлтийн хоорондын уялдаа холбоог хангаж боловсруулах, мөрдөх, санхүүгийн бодлогыг нутаг дэвсгэртээ үр өгөөжтэй хэлбэрээр хэрэгжүүлэх зарчмаар төсвийн гүйцэтгэлийг хангуулах, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх, биелэлтэд хяналт тавих;

 

4.1.4. Дүүргийн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар дэвшүүлсэн бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийж, түүний үр дүнг Засаг даргад тогтмол мэдээлж байх;

 

4.1.5. Засаг даргатай холбоо тогтоосон гадаад харилцаа, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх талаар ажил зохион байгуулах, хяналт тавих;

 

4.1.6. Нутгийн захиргааны байгууллага болон хорооны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, шаардлагатай тохиолдолд холбогдох бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, илэрсэн дутагдлыг арилгуулах, хяналт тавих;

 

4.1.7. Засаг даргын Тамгын газар, хорооны бүтцийн өөрчлөлт, чиг үүрэг, үйл ажиллагаатай уялдуулан хүний нөөцийн удирдлага арга зүйгээр хангах, албан хаагчийн мэдлэг боловсрол, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг үе шаттайгаар хангаж, төрийн алба мэргэшсэн, тогтвортой, чадварлаг байх зарчмыг хангаж ажиллах;

 

4.1.8. Засаг дарга Үндсэн хууль, бусад хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх талаар явуулж буй үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, тогтмол мэдээлж байх механизмыг бүрдүүлэх;

 

4.1.9. Нутаг дэвсгэрийн удирдлага, дүүргийн хөгжил, нийгэм, эдийн засгийн  байдлын талаарх хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээ, олон нийтийн санал, хүсэлтийг судлан боловсруулж, үүнтэй холбогдсон мэдээллийг Засаг даргад тогтмол танилцуулах;

 

4.1.10. Засаг даргаас иргэд, олон нийттэй харилцах харилцааны менежментийн ил тод, нээлттэй арга хэлбэр, механизмыг бүрдүүлж, байгууллага, иргэд-олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах;

 

4.1.11. Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, эрх зүйн холбогдолтой лавлагаа, гарын авлага гаргаж, мэдээллийн сан бүрдүүлэх;

 

4.1.12. Засаг даргын болон Тамгын газрын албан хэргийг хөтлөх, шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлтэд хяналт тавих;

 

4.1.13. Төрийн архивыг цахимжуулах, мэдээллийн сан, сүлжээг бүрдүүлэн түүний нууцыг хадгалах;

 

4.1.14. Засаг даргын захирамж, үүрэг даалгаврын биелэлтэд хяналт-шинжилгээ хийж, Засаг даргад танилцуулах;

 

4.1.15. Үйл ажиллагаагаа жилээр төлөвлөж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө Засаг даргаар, нэгжүүд улирал, жилээр ажлаа төлөвлөж төлөвлөгөөгөө Тамгын газрын даргаар батлуулж ажиллах үүрэг хүлээнэ.  

 

4.2. Тамгын газар дор дурдсан эрх эдэлнэ.

 

4.2.1. Засаг даргын үйл ажиллагаанд шаардлагатай тоо баримт, мэдээ, судалгаа, санал дүгнэлт, танилцуулгыг холбогдох байгууллага, тэдгээрийн албан тушаалтнаас гаргуулан авах;

 

4.2.2. Засаг даргын бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар судалгаа хийх, асуудал боловсруулахад зохих мэргэжлийн хүмүүсийг татан  оролцуулах;

 

4.2.3. Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Тамгын газрын үйл ажиллагаанд шаардагдах ажлын нөхцөл, тоног төхөөрөмж, материал техник хэрэгслээр хангаж байх асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх;

 

4.2.4. Нутгийн захиргааны байгууллага болон хороог удирдлага арга зүйгээр хангаж, үйл ажиллагааны хяналт шалгалт зохион байгуулж, шилдэг арга барил, туршлагыг хөхүүлэн дэмжих, шагнаж урамшуулах, хариуцлага тооцох;

 

Тав. Тамгын газрын дарга

 

5.1. Тамгын газрын даргыг Засаг даргын захирамжаар томилж, чөлөөлнө.

 

5.2.  Тамгын газрын дарга хүний нөөцийн асуудлаар бодлого боловсруулж,  ажилтнуудыг томилох, чөлөөлөх болон дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

 

5.2.1. Тамгын газрын захиргаа, санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх;

 

5.2.2. Засаг даргын бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар Засаг даргад санал дүгнэлт танилцуулах;

 

5.2.3. Тамгын газрын үйл ажиллагааны хэтийн болон жилийн төлөвлөгөөг батлуулж, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг Засаг даргад илтгэх;

 

5.2.4. Засаг даргын захирамж, хэлэх үг боловсруулах ажлыг нэгтгэн зохион байгуулж, хяналт тавих;

 

5.2.5. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгааг хангуулах, түүний албан  ёсны  арга хэмжээ, үйлчилгээний ажилд хяналт тавих;

 

5.2.6. Төрийн одон, медалиар шагнах асуудлаар холбогдох байгууллагаас тавьсан саналыг судалжболовсруулах, эрх бүхий байгууллагад уламжлах, гардуулах ажлыг зохион  байгуулах;

 

5.2.7. Шаардлагатай тохиолдолд Тамгын газрын чиг үүргийг шинэчлэн боловсруулж зохих журмын дагуу баталжмөрдүүлэх;

 

5.2.8. Тамгын газрын ажилтнуудын санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, ажиллах нөхцөл, бололцоогбүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

 

5.2.9. Хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд  Засаг дарга болон түүний орлогч, зөвлөх, нутгийн захиргааныбайгууллагын удирдлагатай шууд харилцах;

 

5.2.10. Тамгын газрын хэтийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн гүйцэтгэлийг хангуулах;

 

5.2.11. Дэвшүүлсэн хэтийн зорилтоо хэрэгжүүлэхэд төрийн зохицуулалт шаардлага гарвал холбогдох эрх бүхий байгууллагад санал оруулан шийдвэрлүүлэх;

 

5.2.12. Засаг даргыг цагийн байдалтай холбогдсон мэдээллээр шуурхай хангах;

 

5.2.13. Өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрт нийцүүлэн тушаал гаргах, шаардлагатай дүрэм, журам, заавар батлах;

 

5.2.14. Тамгын газрын ажилтныг шагнаж урамшуулах, ажлын хариуцлага тооцох, мэргэжил, боловсролыгдээшлүүлэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль, тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;

 

5.2.15. Тамгын газрын дарга Төсвийн тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16.4.15, 16.5-д заасны дагуубайгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөвгаргаж тогтоосон хугацаанд тайлагнах.

 

5.3. Тамгын газрын даргын түр эзгүйд түүний чиг үүргийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга орлон гүйцэтгэнэ.

 

Зургаа. Тамгын газрын албан хаагчид

 

6.1. Тамгын газарт ажиллаж байгаа албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан тушаалд тавих шаардлага хангасан, төрийн мэргэшсэн албан хаагчид байх ба төрийн ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын дэг журмыг сахиж,  гагцхүү хуулийн хүрээнд ажиллах зарчмыг баримтална.

 

6.2. Тамгын газрын албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт,  чиг үүргийг Тамгын газрын дарга батална.

 

6.3. Албан хаагчид дараах эрхийг эдэлнэ.

 

6.3.1. Ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд үйл ажиллагаагаа явуулах нөхцөлөөр хангуулах;

 

6.3.2. Үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингээ үнэлж дүгнүүлэн цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэлээ ахиулах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаар хүсэлт гаргах, шийдвэрлүүлэх;

 

6.3.4. Эрхэлсэн ажил үүргийн хүрээнд төсөл, санал боловсруулж, дээд шатны удирдлагад тавьж шийдвэрлүүлэх;

 

6.3.5. Өөрийн хувийн хэрэг, ажил байдлын тодорхойлолт, бичиг баримттай танилцах, шаардлагатай гэж үзвэл нэмэлт тайлбар оруулах;

 

6.3.6. Хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл холбогдох байгууллага, албан тушаалтанд санал, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх;

 

6.3.7. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгаагаар хангуулах, хууль тогтоомжоор олгогдсон бусад эрхийг эдэлнэ.

 

6.4. Албан хаагчид дараах үүргийг хэрэгжүүлнэ.

 

6.4.1. Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байх;

 

6.4.2. Төрийн албан хаагч дээд шатны удирдлагын шийдвэр, өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, биелэлтийг тайлагнах;

 

6.4.3. Авлигаас ангид, үнэнч шударга байх, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;

 

6.4.4. Ажлын болон албан тушаалтны дутагдал доголдол, зөрчлийг тухай бүрд  арилгуулж, дүүрэг, хороодын ажил амьдралын тулгамдсан бэрхшээлтэй асуудалд хүч анхаарлаа төвлөрүүлж ажиллах;

 

6.4.5. Ажил төрлийн аливаа асуудлыг харьяалах болон дээд шатны даргад танилцуулж байх;

 

6.4.6. Үйл ажиллагааны жил, улирлын төлөвлөгөөтэй ажиллаж, тогтоосон хугацаанд тайлагнаж байх;

 

6.4.7. Албан хэрэг хөтлөлтийн зааврыг мөрдөн ажиллаж, төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах;

 

6.4.8. Тамгын газрын дотоод журам, ажлын байранд мөрдөгдөж байгаа бусад журмыг чанд сахих;

 

6.4.9. Тамгын газраас зохиож байгаа аливаа ажилд бүтээлч, идэвх санаачилгатай оролцох;

 

6.4.10. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэдлэг, мэргэшил, ур чадвараа дээшлүүлж ажиллах;

 

6.4.11.Ажлын байр, хариуцсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж, албан хэрэгцээний техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж, төсөвт зардлыг хэмнэх, ариун цэвэрч, соёлч байдлыг эрхэмлэх үүрэг хүлээнэ.

 

Долоо. Хүлээлгэх хариуцлага

 

7.1. Тамгын газрын дарга, хэлтсийн дарга, албан хаагчид бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ болон энэхүү дүрмээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

 

Найм. Бусад зүйл

 

8.1. Энэхүү дүрэмд дүүргийн Засаг даргын захирамжаар нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд тэдгээр нь дүрмийн салшгүй хэсэг болно.

 

8.2. Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст бүртгүүлнэ.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5554
29158
121694
4892340

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc