Хан-Уул дүүрэгт 3 шинэ эмнэлэг ашиглалтад орсон бөгөөд тун удахгүй дахин 2 эмнэлэг ашиглалтад орно /2020.09.14/

2017-2020 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн их бүтээн байгуулалт өрнөсөн жил болон үргэлжилж байна. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна.

Үүний нэг тод жишээ Монголд хамгийн том Нийслэлийн эх, хүүхдийн 300 ортой эмнэлэг ашиглалтад орлоо.
Нийслэлийн хэмжээнд эх, хүүхдийн төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай энэхүү эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний 160 ор, хүүхдийн тусламж үйлчилгээний 140 ор бүхий үндсэн долоон блок, найман давхартай юм. Мөн жилд 10-12 гаруй мянган эхийг амаржуулж, 5-6 мянган хүүхдийг хэвтүүлэн эмчлэх, 120 гаруй мянган хүүхэд, эх, эмэгтэйчүүдэд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Нийт 681 эм, эмнэлгийн ажилтан бүхий 12 алба, 22 тасагтайгаар иргэд, олон нийтэд үйлчилж байна.

Түүнчлэн манай дүүрэгт 2 хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо. Үүнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 50 ортой 3 давхар хүүхдийн эмнэлэг болон Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн Б корпуст өргөтгөл хийж, 30 ортой хүүхдийн тасаг нээгдлээ. 2 хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсноор харьяа дүүргийн 0-16 насны 60.000 гаруй хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болсон.

Үүнээс гадна Хан-Уул дүүргийн 12,13 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн шинэ барилгын ажил үргэлжилж байна. Тун удахгүй энэ оны IV улиралд 2 өрхийн эмнэлэг ашиглалтад орно. Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх 9 өрхийн эмнэлэгт их засвар, шинэчлэл хийж,  гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.



Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5223
18271
129006
6930123

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc