“ХҮҮХЭД ХАМГААЛАЛД ЭЦЭГ, ЭХ, БАГШ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх, хүүхдийг гэмт хэрэг, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, цахимын хор хөнөөл, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, өсвөр насныхны сэтгэл зүйн онцлогийн талаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг, эх, багш нарт мэдээлэл хүргэх, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлыг танилцуулах зорилгоор “Хүүхэд хамгаалалд эцэг, эх, багш, төрийн байгууллагын хамтын ажиллагаа”  сэдэвт өдөрлөгийг  2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаа нь нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд Хан-Уул дүүргийн төрийн өмчийн 18 сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдын эцэг, эх, сургуулийн захирал, багш нийт 5000  гаруй хүн оролцлоо.

Үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан

“Эрхэм хүндэт эцэг, эх, багш, төлөөлөгчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Хан-Уул дүүргийн хүн ам 2017 онд 169726 болж өссөн бөгөөд нийт хүн амын 42 хувь буюу 71289 нь 0-18 насны хүүхэд байна. Үүнээс 15-18 насны хүүхдүүд 7520 буюу 11 хувийг эзэлж байна.  2017 онд бид гэр бүл хүүхдэд чиглэсэн “Аз жаргалтай гэр бүл”, “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн багагүй үр дүнд хүрлээ. Гэвч  интернэт хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр цахим орчинд далд нууцлагдмал хэлбэрээр хүүхдийн эрхийн зөрчлүүд ихээхэн тохиолдож байгааг анхаарахгүй байх аргагүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Цахлай” төслийг хэрэгжүүлэн 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарыг хүртэлх  3 сарын хугацаанд  9-12 дугаар ангийн 1000 гаруй хүүхдийн цахим хэрэглээнд мэргэжлийн байгууллагатай хамтран, мэдээллийн технологийг  ашиглан тандалт судалгааг хийсэн. Энэхүү судалгааны дүнгээс харахад судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 82 хувь нь садар самуун, аллага, хүчирхийлэлтэй холбоотой цахим хаягуудаар нэвтэрч мэдээ мэдээллийг үзэж, өдрийн 24 цагийн 16,5 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг болох нь сэтгэл  эмзэглүүлж байна. Энэ бол зөвхөн төрийн анхаарах асуудал биш, багш, эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлага улмаар нийгмээрээ анхаарах асуудал юм.

Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдүүдийнхээ цахим орчинд юу үзэж, харж, хэнтэй хэрхэн харилцаж байгаад анхаарал хандуулах нь чухал гэдгийг энд онцлон хэлэе.

Өнөөдөр Хан-Уул дүүргээс хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх, хүүхдийг гэмт хэрэг, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, цахим орчны хор хөнөөл, хүчирхийллээс хамгаалах зорилгоор Хүүхэд хамгаалалд эцэг, эх, багш, төрийн байгууллагын хамтын ажиллагаа”  өдөрлөгийг нийслэлийн хэмжээнд анх удаагаа  зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа эцэг, эх, багш, төрийн албан хаагчид та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас хүргэх бодит мэдээлэл, зөвлөгөө зөвлөмжийг хүлээн авч, хүүхдэд хандах хандлагадаа эерэг өөрчлөлт гаргаж, хараа хяналтаа сайжруулж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг уриалж байна” хэмээн үйл ажиллагааг нээлээ.

Өдөрлөгт Хан-Уул дүүргийн удирдлагууд болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, хороодын Засаг дарга, ЕБС-ийн багш нар,  эцэг эх, иргэдийн төлөөлөл идэвхитэй оролцлоо. Тус өдөрлөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, Цагдаагийн 1,2  дугаар хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, “Айзор зоне” ХХК, "Дэлхийн зөн" ОУ-ын байгууллага хамтран амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгт  “Гэр бүл судлалын төв”-ийн судлаач, доктор Г.Наранбаатар -“Гэр бүлийн үнэ цэнэ” лекц тавьж, Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Баярбаясгалан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын мэдээллийг өгч, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Мөнхжаргал - Интернет, цахим тоглоомын зүй бус хэрэглээ, хор уршиг, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо сэдвээр лекц тавилаа. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, эмч В.Баярмаа “Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэнд” сэдвээр, ”Айзор зоне” ХХК-ийн захирал С.Батсайхан “Хүүхдийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход  дэвшилтэт технологийг ашиглах” зэрэг илтгэлүүдийг тус тус илтгэл тавьж, өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлогийн талаар анхаарвал зохилтой мэдээллүүдийг өгсөн юм.  

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар эцэг эх, багш, сургууль хоорондын уялдаа холбоо сайжирч, хүүхдийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход дэвшилтэт технологийг ашиглах, хүүхэд хамгааллын ажлыг сайжруулах ач холбогдолтой бөгөөд цаашид тус үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

ХҮҮХЭД БҮР АЗ ЖАРГАЛТАЙ,  ИНЭЭД БАЯСЛААР ДҮҮРЭН, ИРЭЭДҮЙ НЬ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

235
1980
49218
4499582

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc