“НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-БИДНИЙ ТУРШЛАГА” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Нийслэлийн боловсролын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/98 дугаар тушаалаар дүүргийн боловсролын хэлтсүүдийн “Туршлага судлах, түгээн дэлгэрүүлэх үзүүлэх сургууль-2017 ” ажлыг нийслэлийн 8 дүүргийн хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл амжилттай зохион байгуулсан.

Энэхүү ажлыг дүгнэж, урамшуулах “НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-БИДНИЙ ТУРШЛАГА” хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо.


Арга хэмжээнд Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, орлогч дарга Ц.Отгончимэг СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн, Багануур дүүргийн засаг Ц.Сандаг-Очир, ХУД-ийн Засаг даргын орлогч А.Амартүвшин болон дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэгийн төлөөлөлүүд оролцлоо.
Нийслэлийн хэмжээнд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, боловсролын байгууллагын менежмент, хүний нөөцийн чадавхийг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан үзүүлэх сургуульд 600 гаруй шилдэг бүтээл танилцуулагдсанаас 24 шилдэг бүтээлийг шалгаруулан “Батламж” гардууллаа. Энэхүү 24 шилдэг ажлын туршлагыг нийслэлийн боловсролын хүрээнд түгээн дэлгэрүүлж, олны хүртээл болгох төдийгүй “Нийслэлийн боловсрол- Бидний туршлага” мэдээллийн санд оруулахаар болсон билээ. Мөн шилдэг бүтээлийн “Батламж”-ийн эздийн боловсролын салбарт оруулсан гавьяа зүтгэлийг Нийслэлийн Боловсролын газрын “Хүндэт дэвтэр”-т тэмдэглэх юм.


2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн дүүргүүдийн боловсролын хэлтэс дахин шинэчлэгдэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаагаараа онцлог бөгөөд үзүүлэх сургуулийн үнэлгээгээр “Хангалттай сайн” үнэлэгдсэн 8 дүүргийн боловсролын хэлтсийн хамт олныг “Батламж” мөнгөн шагналаар шагналаа. 


Дүүргийн боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, харилцан туршлага солилцох өргөн боломжийг олгосонд үзүүлэх сургуулийн ач холбогдол оршиж байгаа юм.

Дүүргийн боловсролын хэлтсүүдийн үзүүлэх сургуульд  тухайн дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга нар, дүүргийн Засаг дарга нар, ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар оролцож, санал бодлоо солилцсон.

Мөн төрийн болон төрийн бус өмчийн бүх сургууль цэцэрлэг хамтран зохион байгуулсанд үзүүлэх сургуулийн үр дүн оршино. Үзүүлэх сургуулийг зохион байгуулсан дүүрэг бүхэн тухайн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай сурталчлах ажлыг зохион байгуулсан ба НБГ-аас Боловсролын мэдээлэл сэтгүүлээр дамжуулан 2 удаа  анхан шатны нэгж байгууллагууддаа дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүлсэн.


Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чиглэлээр тусгагдсан зорилго зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НБГ-аас эх хэлний боловсролыг дэмжих “Цээж бичиг” нэгдсэн ажиллагаа, элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх “Амжилтын гараа” уралдаан, сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах, боловсролын удирдлагын багийг дэмжих, багш нарыг урамшуулах “Индексийн урамшуулал олгох журам”, тогтвортой хөгжлийн боловсролыг  дэмжих  “Эко сургууль, цэцэрлэг” аян, багш нарыг алдаршуулах “Нийслэлийн багш-Бидний бахархал”, сургуулийн өмнөх боловсролын бүртгэлийг чанаржуулах “Цахим элсэлт” ажиллагаа  зэрэг олон ажлыг  Нийслэлийн төр захиргааны байгууллагууд, дүүргийн боловсролын хэлтсүүдтэй хамтран зохион байгуулсан.
Хан-Уул дүүрэг:
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачилгаар “Эко дүүрэг” аяныг сургууль, цэцэрлэгүүдэд эко орчин бүрдүүлэх зорилгоор 2017 оноос зохион байгуулж эхэлсэн. Сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн нөөц, боломжоор санхүүжигдэж, дүүргийн 3 сургууль, 10 цэцэрлэг хамрагдсан. Энэ ажлын үр дүнд сургууль, цэцэрлэгүүд эко булан байгуулж, байнгын ажиллагаатай болгож чадсан.
Хан-Уул дүүргийн 165 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.Энхтуул 2017 оноос санаачилсан Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй “ЗӨВ ХҮҮХЭД-ЗӨВ ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эцэг эхийн амлалт баталгаажуулах ёслол” нь 300 гаруй хүүхэд, 39 багш, ажилтан, 600 гаруй эцэг эх хамрагдсан. Энэ ажлын хүрээнд 8675 орчим сургалтын хэрэглэгдэхүүн, цэцэрлэгийн ил тод, аюулгүй байдлыг хангаж цэцэрлэгийг камержуулж, хүүхэд суралцах таатай, тухтай орчин дахин бүрдүүлээд байна.
Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Д.Ихзаяагийн санаачилгаар “Монгол хүн” хүмүүжлийн аяныг идэвхжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийлэлтэй тэмцэх, аавуудын үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Ааваараа бахархана” өдөрлөгийг 2017 оноос эхлэн зохион байгуулж байна. Энэхүү ажилд тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл 56 багш, аавуудын төлөөлөл 189 тэргүүний аавууд хамрагдсан. Дүүргийн Засаг даргын төсвөөс 1.200.000 төгрөгөөр санхүүжигдсэн байна. “Аавдаа бичих захидал” уралдаан явуулж, аавуудын нэгдсэн уриалга гаргаж цаашдын ажилдаа тусган хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

124
13656
85002
4150823

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc