“ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮҮХДИЙН ЭРХ АШИГ ЗӨРЧИГДӨХ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ-ХАМТДАА ХАМГААЛЪЯ" НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Хан-Уул  дүүргийн  прокурорын газраас санаачлан  дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран "Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж-ХАМТДАА ХАМГААЛЪЯ" зөвлөгөөнийг энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч И.Ганбат болон Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж нар болон дүүргийн прокурорын газрын прокурорууд, Цагдаагийн хэлтсийн албан хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан нар, хороодын Засаг дарга нар оролцлоо.

Дүүргийн хэмжээнд "Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан нөхцөл , шийдвэрлэлтийн байдлыг 2017 оны сүүлийн хагас жил , 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар судалсан дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Дүүргийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ж.Ариунаа мэдээлэл хийж,  "Дүүргийн хэмжээнд зөрчлийн болон эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ"-ний талаар ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар танилцууллаа.

ХУД-ИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДЫН ХУРЛЫН ДАРГА Б.ЦЭРЭН:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас санаачлан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн I, II дугаар хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж-ХАМТДАА ХАМГААЛЪЯ” зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр дүүргийн нутаг дэвсгэрийн  Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, тулгамдаж буй хүндрэл бэрхшээл болон цаашид хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар хэлэлцэнэ.  Манай дүүрэг нь Нийслэлийн 2017 оны “Хүүхэд гэр бүлд ээлтэй дүүргээр  шалгарсан. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны “Аз жаргалтай гэр бүл” зорилтын хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс “Түр хамгаалах байр”-ыг Нийслэлийн 9 дүүргээс анхлан бий болгож үйл ажиллагаагаа эхлүүлсэнээр дүүргийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийг хүлээн авч тэдэнд тулгамдсан асуудлыг шийдэж өгөхөөс гадна эрх зүйн цогц үйлчилгээ үзүүүлэх ажиллагааг хамтарсан багуудтайгаа хамтран хэрэгжүүлж байна.  Энэ зөвлөгөөнөөс гарах шийдвэр, саналыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн 2018 оны сүүлийн хагас жилд хийх ажилдаа тусгаж, ажил хэрэг болгох болно.

Зөвлөгөөнд  урилгаар   оролцсон НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ Д.БАЯРМАГНАЙ: Прокурорын байгууллага 2018 онд тодорхой төрлийн гэмт хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэхэд анхаарч эдгээр хэргээс иргэдийг урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал:. хар тамхи, мансуурах бодистой холбоотой, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гэмт хэрэг, зөрчил, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, авлига, албан тушаалын хэргүүдийг дурьдаж болно. Энэ ажлын хүрээнд манай Хан-Уул дүүргийн прокурорын газар  “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж – ХАМТДАА ХАМГААЛЪЯ” зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулж байгаа нь ач холбогдолтой ажил болж байна. Зөвлөгөөнд хороодын засаг дарга нар болон Ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтан зэрэг хуулийн хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй анхан шатны нэгж байгууллагын төлөөлөлүүд оролцож, санаа бодлоо  хууль хяналтын байгууллагынханд  хүргэж байгаа нь бидний хамтын ажиллагаа, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиох ажлаа төлөвлөхөд ач холбогдолтой гэж харж байна  гэв.

ХУД-ИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,ХУУЛЬ ЦААЗЫН ИТГЭМЖИТ ЗӨВЛӨХ Ж.АРИУНАА: ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ЭНЭ ОНЫ 5 САРЫН БАЙДЛААР 15500 ОРЧИМ ИРГЭДИЙГ ХАМРУУЛАН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХУУЛЬ ТОГТООМЖУУДЫГ ТАНИУЛАН СУРТАЛЧЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ, ЯРИА ТАНИУЛГЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Прокурорын тухай хуульд заасан прокурорын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд шинэчлэн батлагдсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган  шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, Прокурорын байгууллагаас 2017, 2018 онд дэвшүүлсэн зорилт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг нэг мөр хангуулахад анхаарч ажиллаж байна. Харьяа нутаг дэвсгэр дэх зөрчил, гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцлийг улирал, жил бүрээр судалж, дүнг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Засаг даргад танилцуулан, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлон ажиллаж байна. Мөн шинэчлэн батлагдсан холбогдох хууль тогтоомжуудыг таниулан сурталчлах, хэрэгжүүлэх, түгээмэл гарч байгаа зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад прокурорууд очиж яриа таниулга хийх, сургалт зохион байгуулах ажлуудыг тогтмол зохион байгуулж байна. Дээрх ажлуудын хүрээнд өнгөрсөн хугацаанд шалгалт, судалгаа 45-г хийж, нийт 15500 орчим иргэдийг хамруулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжуудыг таниулан сурталчлах чиглэлээр сургалт, яриа таниулгыг зохион байгуулсан. Прокурорын байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн “..Мансууруулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас хохирсон бага насны хүүхдийн эрх ашгийг хамгаалахад прокурорын хяналтыг чиглүүлж, энэ ажилд хууль сахиулах, хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах" зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд тодорхой ажлуудыг хийж байна. Тухайлбал: Нийслэлийн прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдийг урьж сургалт зохион байгууллаа.Сургалтын мөрөөр энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт, яриа таниулга явуулах сургалтын материал, гарын авлагыг бэлтгэн, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгж, байгууллага, ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллежийн оюутнуудад “Хар тамхи болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хор уршгаас урьдчилан сэргийлэх нь " яриа танулгыг хийж байна. Мөн бага насны хүүхдийн эрх ашиг хохирсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргүүдийн шийдвэрлэлтэд онцгой анхаарч, дүүргийн Ерөнхий прокурорын тушаалаар энэ төрлийн гэмт хэрэгт дагнан хяналт тавих прокуроруудыг томилон ажиллуулж байна.

ХУД-ИЙН ЦАГДААГИЙН 2 ДУГААР  ХЭЛТСИЙН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Н.БАТБАЯР: ХҮҮХДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ТЭРГҮҮН ЭЭЛЖИД ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн явцад хүүхдийн эрх ашиг хөндөгддөг. Иймээс хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах шаардлагатай. Энэ хэрэг нь далд хэлбэрээр үйлдэгддэг тул тэр бүр хохирогчоос цагдаагийн байгууллагад дуудлага ирээд байдаггүй. Хөрш айл нь дуудлага өгөх тохиолдолууд нэлээд байдаг. Иймээс Цагдаагийн хэсгийн  байцаагч нар хамтарсан багийн гишүүдтэй нягт хамтарч ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэлийн хэргүүд дээр эрсдэлийн үнэлгээ тогтоогоод  хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж ажиллаж байна. Хэсгийн байцаагч нар хариуцсан хороо хэсэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын тайланг иргэдэд тавьж ажиллаж байгаа нь цагдаа, иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн татан оруулхад ач холбогдолтой болж байна  Энэ зөвлөгөөнөөс гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийх ажилд үнэтэй санал санаачлагууд гарч байна. Эдгээрийг манай хамтарсан багууд үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах нь чухал байна.

ХУД-ИЙН 60 ДУГААР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ н.АРИУНАА: "СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ" СЭДЭВТ АСК ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛСАН НЬ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТАЛААР ОЙЛГОЛТ МЭДЛЭГ ОЛГОСОН ҮР ДҮНТЭЙ АЖИЛ БОЛСОН
Энэ зөвлөгөөн их ач холбогдолтой болж байна. Дараагийн хичээлийн жилийн үйл ажиллагаандаа тусгаж ажиллах болно. Хүүхдийг гэр бүлийн далд хүчирхийлэлээс сэргийлхэд анхаар ч ажиллах, сургуулиудад гэмт хэргээс урьдчилан сэргийлхэд камерын хяналтыг хэрэгжүүлэх, нийгмийн ажилтны тоог нэмэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх нь чухал. Манай сургууль гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөх, холбогдох, сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор тус прокурорын газар  дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хэлтэсүүд, Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газартай хамтран дүүргийн нутаг дэвсгэрийн Ерөнхий боловсролын сургуулиудын  ахлах ангийн сурагчдын дунд "Сурагчийн аюулгүй байдал" сэдэвт АСК тэмцээнийг зохион байгуулсан нь гэмт хэрэг, зөрчлийн талаар ойлголт мэдлэг олгосон үр дүнтэй ажил болсон.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭМӨНХ: АНХАН  ШАТНЫ НЭГЖ ДЭЭР ГЭМТ    ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРЭХЭЭР ЗОХИОН  БАЙГУУЛАХ НӨӨЦ БОЛОЛЦОО ХОМСДОЛТОЙ БАЙГАА
Дүүргийн цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их, Дээд сургуулийн оюутан залуучуудад  "Архи, тамхины хор уршиг", "Эко дүүрэгт залуучуудын оролцоо" сэдвээр сургалтыг Албан бус насан туршийн боловсролын төв, Шинэ хөгжлийн түлхүүр ТББ хамтран явууллаа. Мөн Гэр бүл хүүхэд хамгаалал болон хүүхдийн эрх" сэдэвт сургалтыг зорилтот өрхийн 40 эмэгтэйг хамруулан зохион байгуулсан. Аж ахуйн нэгж, СӨХ-ны хандив, тусламжаар хорооны нутагт  дэвсгэрийг камержуулхад анхаарч ажилласны дүнд 2017 онд 199 камер байсан бол 2018 онд 2090 камер байршуулаад байна. Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байгаа гэмт хэрэг зөрчлын тоо нэмэгдэж байгаа  Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрх хамгааллын хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан  илрүүлэлт нэмэгдсэн , Тус гэмт хэрэг зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх арга  хэмжээ тодорхой  үр    дүнд  хүрч чадахгүй байгаа, Анхан  шатны нэгж дээр гэмт    хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тодорхой үр дүнд хүрэхээр зохион  байгуулах нөөц бололцоо хомсдолтой байгаатай холбоотой гэж бодож байна.
 “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮҮХДИЙН ЭРХ АШИГ ЗӨРЧИГДӨХ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ-ХАМТДАА ХАМГААЛЪЯ” СЭДВИЙН ДОР ЯВУУЛСАН ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
Өсвөр, бага насны хүүхдүүдэд тавих анхаарал халамж, хараа хяналтыг дээшлүүлэх, эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, сургууль, хариуцсан хороо, хууль хяналтын болон бусад байгууллагын хамтын ажиллагааг  сайжруулах зорилгоор ЗӨВЛӨМЖ БОЛГОХ НЬ:
1. Хүүхдийн байгууллага болон Засаг даргын тамгын газрын Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн захиргаанаас санаачлан хүүхдүүдэд зориулж тэдгээрийн оюун ухаан, зан төлөвшил, ёс суртахуунд тохирсон сургалт, олон нийтийг хамарсан бусад арга хэмжээг хүүхэд, тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарыг хамруулан холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтран тодорхой үр дүнтэй зохион байгуулж ажиллах.
2. Ерөнхий боловсролын сургуулиуд нь хүүхэд гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдгээрт хууль, эрх зүйн наад захын мэдлэгийг олгох чиглэлээр уралдаан тэмцээн зохион байгуулж, хүүхдүүдийг өргөнөөр хамруулах, эцэг эх, сургуулийн хамтын ажиллагааг сайжруулан, бага насны хүүхдийг байнгын хараа хяналттай байлгахад анхаарч ажиллах.
3. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил нь ахуйн хүрээнд, далд аргаар үйлдэгддэг, хохирогч нар өөрсдөө Цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөнөөр илэрдэг, мөн хохирогч нарын зүгээс бусдын дарамт, шахалт, нөлөөнд автдаг, дарамт, сүрдүүлгээс айж болсон хэргийн талаар бүрэн мэдүүлдэггүй, эсхүл урьд өгсөн мэдүүлгээсээ буцдаг, тусгаарлах байранд орох хүсэлгүй байдаг тул тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хохирогчийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс тусгаарлах шаардлагатай байгааг харгалзан, Дүүргийн хэмжээнд гэрч, хохирогчийг хамгаалах байрыг Засаг даргын хөрөнгөөр бий болгох.
4. Бага насны хүүхэд бэлгийн болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болж, бусдын дарамт, шахалт, нөлөөнд автах, дарамт, сүрдүүлгээс айж хэргийн талаар бүрэн мэдүүлэхгүй, урьд өгсөн мэдүүлгээс буцах байдал ихээр гардаг тул Мөрдөн шалгах байгууллагаас хохирогч энэ талаар хүсэлт гаргасан эсэхийг үл харгалзан, хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хохирогчийг гэмт хэрэг үйлдсэн хүнээс тусгаарлах, хүүхэд, эмэгтэйчүүдийг тусгаарлах байранд хүргэж, аюулгүй байдлыг хангаж ажиллах.
5. Эрүүгийн хэрэг, зөрчлийг шалгах явцад бага насны хүүхдийн хувьд эцэг, эхээс бүрэн хараат байгаа нь хууль ёсны эрх ашгаа бүрэн хамгаалуулж чадахгүйд хүрсэн тохиолдолд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст хандан хууль ёсны төлөөлөгч томилуулан, хүүхдийн эрх, ашиг сонирхолыг хамгаалж ажиллах.
6. Хорооны засаг захиргаанаас тухайн хороонд хойд эцэг, эхтэйгээ амьдардаг, эсхүл эцэг, эх нь архинаас хамааралтай болсон эрсдэлтэй гэр бүлийн судалгааг өрх тус бүрээр гарган, эдгээр хүмүүст тавих хараа хяналтыг сайжруулан, шаардлагатай асуудлаар холбогдох хууль хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажиллах.
7. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчилд бие махбодь, сэтгэл санааны хохирол амссан хохирогчоос гадна тухайн өрх гэрт амьдарч байгаа хүүхэд өндөр настан, бусад хүмүүс байнгын сэтгэл санааны хохирол амсаж, энэ хэргийн дам хохирогч болж байдаг тул зөрчил шалган шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хүмүүсийг хохирогчоор тогтоож, сэтгэл зүйд учирсан хор уршгыг арилгуулах арга хэмжээг авч ажиллах.
8. Хүчирхийллийн халдлагад өртсөн хүүхдийг халдлагад өртсөн орчноос тусгаарлах шаардлагатай эсэхэд хорооны Засаг даргаар ахлуулсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн үүрэг, оролцоог нэмэгдүүлж, дүгнэлт гаргуулах, мөн гэмт хэрэг, зөрчлийн улмаас сэтгэл зүйн хямрал, айдаст автсан талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, хохирогчоор тогтоож байх.
9. Дүүргийн Цагдаагийн хэлтсүүд, Прокурорын газраас нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан, зөрчил шалган шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагаанд байгаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, насанд хүрээгүй хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шалгуулж шийдвэрлэх.
 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2087
0
73390
4139211

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc