Хан-Уул дүүргийн “Багш нарын бага хурал” боллоо

Хан-Уул дүүргийн   “Багш нарын бага хурал” 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн Соёлын ордонд болж, төрийн ба төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн 350 гаруй төлөөлөгч оролцлоо.

Багш нарын бага хуралд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Мэндбаяр, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Хүүхэд гэр бүл хөгжлийн  хэлтсийн дарга Н.Мягмарсүрэн, Соёлын ордны дарга О.Анхбаяр нар урилгаар оролцлоо.

2017 - 2018 оны хичээлийн жилд манай дүүргийн төрийн өмчийн 29 цэцэрлэг, төрийн бус өмчийн 83 цэцэрлэгт 16105  хүүхэд хүмүүжин, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 38 сургуулийн 921 бүлэгт  26017 сурагч суралцаж, 1986 үндсэн багш ажиллаж байгаа бөгөөд  сургуулийн өмнөх боловсролд  хамрагдалт 85%-д хүрсэн.

Төрөөс боловсролын  талаар баримтлах бодлого,  Боловсрол, Соёл,  Шинжлэх Ухаан, Спортын яам,  Нийслэлийн боловсролын газар, Нийслэл дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөрийг  хэрэгжүүлж, боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, байгууллагын менежмент, чадавхыг сайжруулан боловсролд оролцогсдын оролцоог  нэмэгдүүлэх, багш  ажилтан албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, суралцагчдын авьяас чадварыг хөгжүүлэх  чиглэлээр санаачлагатай ажиллаж, иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэж, 2017 - 2018 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилго, зорилтоо амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа.

Өнгөрсөн хичээлийн жилд боловсролын хэлтэс  шинэчлэгдэн байгуулагдсаны түүхт 10 жилийн ой тохиож, Хан-Уулчууд  олон сайхан  шинэлэг ажлуудаар ойдоо бэлэг барьж амжилт бүтээл дүүрэн байна. Тухайлбал “Зөв хүүхэд зөв ирээдүй” хөтөлбөр, “Миний ирээдүй - Миний гарт” сарын аян, цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш нарын дунд ур чадварын уралдаан, эмч нарын ур чадварын тэмцээн, Кембрижид багш бэлтгэх-“бидний зорилго 1” ажил,  Математик, монгол хэлний буухиа тэмцээн, мэтгэлцээн,  “Хүүхдээ сонсъё” өдөр, “Амжилтын гараа”, “Сорилго” шалгалт, “Эко дүүрэг-бидний оролцоо” нээлттэй хэлэлцүүлэг, “Хүүхдийн чуулган”, “Цахим гадуурхал цаашаа” чуулган, “Ааваараа бахархана” анхдугаар зөвлөгөөн, үйлчилгээний ажилтанд зориулсан “Хүндэтгэлийн өдөр”, бага ангийн багш нарын дунд “Эрчүүдийн манлайлал”, Засаг даргын нэрэмжит  “Хобби” урлагийн их наадам”, “Уран хэлхээ”, бүжгийн улсын уралдаан,  “Бүтээлийн хур” үзэсгэлэн  гээд олон ажлыг Хан-Уулчууд санаачилж, хамтран зохион байгуулсныг   багш сурган хүмүүжүүлэгчдийн  маань бахархал билээ.

Дүүргийн Засаг дарга болон боловсролын хэлтсээс  багш, удирдлагуудыгаа хөгжүүлэх зорилгоор гадаад, дотоодод туршлага судлах үйл ажиллагаанд тасралтгүй оролцуулж байна. Өнгөрсөн хичээлийн жилд бага, дунд ахлах ангийн сургалтын менежер, нийгмийн ажилтнууд, бага ангийн багш нарын төлөөллөөс 48 багш, удирдлагыг БНСУ, ОХУ, Өвөр монголын боловсролын салбарын туршлага судлах уулзалт, сургалт семинарт бүрэн  хамруулсан төдийгүй сургууль, цэцэрлэгийн удирдлага багш нарыг аймаг орон нутгийн боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцан харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлж  ажилласан.

Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо  бага хурал дээр хэлсэн үгэндээ: “Аль нэг сургуульд суралцалгүйгээр амьдралд орсон хүн хаана ч үгүй. Сургалт нь хүмүүншүүлэх нөлөөтэй байх учиртай. Бид бурууг бусдаас хайх нь ахиж дэвших арга зам биш юм. Тиймээс боловсролын хэлтсийн хамт олон, сургууль, цэцэрлэгийн багш удирдлагууд, суралцагчдын үзэл хандлага өөрчлөгдөж, “Боловсрол”-ын мөн чанарыг бодитоор ойлгон боловсролын чанарыг бодитой үнэлж, үйлчилгээ нь хүмүүнлэг байх шаардлагад нийцүүлэн ажиллаж чадвал бид өмнө гаргасан амжилтаа ахиулж, ирээдүйд олон шинэлэг ажлыг бүтээж чадна. Хан-Уулын боловсролын салбарынханд ийм чадвар, бүтээлч сэтгэлгээ, өөриймсөг хандлага, шинийг эрж хайх хүсэл эрмэлзэл  бүрэн дүүрэн бий гэдэг”-ийг  тодотголоо.

Боловсролын салбарын бас нэгэн хүндрэлтэй асуудал бол сургууль, хүртээмжийн асуудал билээ. Нийслэл, Дүүргээс сургууль, цэцэрлэгийнхээ хүртээмж, аюулгүй орчинг бүрдүүлэх талаар өнгөрсөн хичээлийн жилд чамгүй их ажлыг амжууллаа.

3 ээлжээр хичээллэж байгаа Буянт-Ухаа цогцолбор, 52, 114-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажил батлагдсан. 53, 73, 49, 144 дүгээр цэцэрлэгүүдийн өргөтгөл, 14 дүгээр хороонд шинэ цэцэрлэгийн барилгын ажлууд эхлээд байна. 28 дугаар цэцэрлэг, 75 дугаар сургуулийн  хуучин барилгыг  буулгаж  шинээр барих ажил эхэлсэн. 4- р яслийн барилгыг буулгах бэлтгэл ажил бүрэн хангагдсан. 15 дугаар хороонд 920 хүүхдийн суудалтай сургуулийн барилга  барих гэрээ хийгдсэн,  мөн 960 хүүхдийн суудалтай сургуулийн газрын асуудлыг тус тус шийдвэрлүүлээд байна.

Мөн 118 дугаар сургуулийн гадна талын тохижилт, 60 дугаар сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн орчинг нөхцөл сайжруулах төсөл, 135 дугаар сургууль, 219 дүгээр цэцэрлэгийн гадна цэвэрлэх байгууламж, 41 дүгээр цэцэрлэгийн гадна пасадны их засвар, 15 дугаар сургуулийн спорт заалны их засвар, 26 дугаар сургуулийн дээврийн засварын ажлууд хийгдэж байна.

Дүүргийн Засаг даргын тамгын газраас  өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 52, 41, 15,118-р сургууль, 134,144, 223, 65, 209, 121-р цэцэрлэгүүдэд цахилгаан болон сантехникийн  засвар  хийгдэхээр  бэлтгэл  ажил  хангагдсан.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн осол аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төсөл боловсруулан замын тэмдэглэгээ 213, хурд сааруулагч 59, явган хүний гарц 47 үе шаттайгаар хийхээр Дүүргийн иргэдийн хурлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран ажиллаж байна.

Боловсролын салбарын тулах хүчин болсон эцэг эхчүүдтэй хамтран ажиллах, тэдний оролцоог дээшлүүлэх зорилгоор  санаачлагатай ажиллаж, боловсролын хэлтсийн дэргэд  11 хүний бүрэлдэхүүнтэй эцэг, эхийн зөвлөлийг шинээр байгуулсан. Сургуулийн нийгмийн ажилтнуудтай хамтран “Ааваараа бахархана” анхдугаар чуулганыг зохион байгуулагдлаа.

Боловсролын үйлчилгээ үзүүлэгчид буюу сургууль, цэцэрлэгийн багш нарын хувьд өөрсдийн үүргээ суралцагчдад “Боловсрол” гэх зүйлийг  “олгох”, эсвэл тэдэнд түүнийг албадан “эзэмшүүлэх” бус, Харин  “суралцагчдын сурч боловсроход дэмжлэг үзүүлж, насан туршдаа суралцаж, амьдрах арга ухаанаа олоход нь туслах явдал” гэж ойлгож ажиллахыг уриалж байна.

Хан-Уул  дүүргийн боловсролын хэлтсээс 12 дугаар ангийн  суралцагчдын дунд судлагдахуун бүрээр 3 удаа “Сорил” шалгалт авч, мэргэжлийн  багш нар, суралцагчдын хичээнгүй  зүтгэлийн  үр дүнд 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын ерөнхий оноогоор 11 судлагдахуунаас  8 судлагдахууны дундаж оноо  нь өмнөх жилүүдээс ахисан, математик, монгол хэлний хичээлээр Улсын дундажаас дээгүүр оноотой бөгөөд 10 сурагч  800 оноотой шалгагджээ.

Мөн Бага хурлын төлөөлөгчид 2018-2019 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын төслөө хэлэлцэн батлав.

Түүнчлэн 2017-2018 оны хичээлийн жилд амжилттай ажилласан шилдэг тэргүүний  багш нарыг Дүүргийн иргэдийн төлөөлөгч болон Засаг даргын Жуух бичиг, хүндэт өргөмжлөл,  боловсролын хэлтсийн  өргөмжлөл, Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг залуу” алтан медалиар тус тус шагнаж урамшуулсан сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.










Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

560
18873
65566
4836212

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc