Сайн үйлсийн аян өрнүүлж, өрх толгойлсон ээжийг өөрийн гэсэн гэртэй болголоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Бүтээлч хамт олон” сарын аян зохион байгуулж, өрх толгойлсон Б.Уянга бүсгүйг өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй болголоо.

Тус дүүргийн 10 дугаар хорооны иргэн Б.Уянга нь 1-3 насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, өөрийн гэсэн гэр оронгүй, олон жил ээж, хүүхдүүдийнхээ хамтаар хамаатан садангийнхаа хажууд амьдарч ирсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар өнөөдөр өргөө цагаан гэртэй боллоо.

Сайн үйлсийн аяныг дэмжин “Бат Бэх Ремикон” ХХК иж бүрэн 5 ханатай гэр өгсөн бол “Есөн цагаан хайрхан” ХХК, “Цэлмэг бурам” ХХК, “Монгол кореа сторе” ХХК, “Баялаг жимс” хоршоо зэрэг компаниуд нэн шаардлагатай эд материал, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хандивласан юм.

Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, хэлтэс, албадын дарга, албан хаагчид оролцож өргөө цагаан гэрийг /2018.09.25/ өдөр  албан ёсоор хүлээлгэн өглөө.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд сайн үйлсийг дэмжин ажилласан байгууллага, хамт олондоо талархал илэрхийлж “Бат Бэх Ремикон” ХХК-д “Талархал” гардууллаа.

Мөн тэрбээр  “Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээлтэй байдаг. Өнөөдөр 10 дугаар хорооны өрх толгойлсон нэгэн ээжийг сонгон өргөө цагаан гэртэй болгож, ядууралд орохоос урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эрхийг  хамгаалах зорилготой бодиттой бүтээлч ажил санаачлан зохион байгуулсан хамт олондоо баяр хүргэе. Мөн сайн үйлсийг дэмжин хамтран ажилладаг байгууллага, хамт олонд дахин талархал илэрхийлье хэмээлээ.

Өөрийн гэсэн гэр оронтой, хаяг бүртгэлтэй болсон Б.Уянга “Халуун сэтгэлийн гараа сунгаж, хамт олноороо сайн үйлсийн энэхүү аяныг санаачлан  зохион байгуулсан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт ажилтан, албан хаагчид, байгууллагууддаа дахин дахин талархал илэрхийлье.  Та бүхний сайхан сэтгэл итгэлийг зүтгэлээр хариулах болно гэлээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай






Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

173
1918
49156
4499520

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc