Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг” зөвлөж байна

Насны онцлогыг  мэддэг байх

Хүүхдийнхээ тухайн насны онцлогыг мэддэг байх нь хүүхдээ хүмүүжүүлэх, хүсэл сонирхолыг хүндэтгэн ойлгож харилцах, насанд нь тохирсон үүрэг хариуцлагыг ухамсарлуулахад маш чухал. Бага насны хүүхдэд үсэрдэг, орилдог, зөрүүдэлдэг үеүүд байхаас гадна тоглоомоо эвддэг үе ч гэж байдаг.

Ээж аав үлгэрлэн харуулах

Хүүхэд ихэнх зан үйлийг гэр бүлийн орчин эцэг эхийн харилцаа хандлагаас сурсан байдаг учир та өөрийн хүүхдээс хүсдэг зүйлээ өөрөө үлгэрлэн харуулдаг байгаарай. Үүний тулд та буруу зүйл хийсэн бол хүүхдээсээ уучлалт гуйдаг, тусласны хариуд баярлалаа гэж хэлдэг, хүүхдийнхээ хүсэлтийг сонсдог, хэлсэндээ хүрдэг байх хэрэгтэй.

Хүүхдийнхээ ярьсан зүйлийг тэдний эсрэг ашиглахгүй байх

Хүүхэд ээж аавдаа сэтгэлээ хуваалцаж ярьсан зүйлийг нь хүндрүүлж бодох, зэмлэх, буруушаах зэрэг нь эцэг эх хүүхдийн харилцаанд хана босгож байдаг.

Дуу хоолойний өнгөө тохируулах

Уурласан, загинасан, найрсаг бус өнгө аястай харилцаанд хүүхэд эсэргүүцсэн, хамгаалсан хариу үйлдэл үзүүлж ярианы гол санаанд анхаардаггүй бол эсрэгээрээ зөөлөн тайван харилцаа хүүхдийн анхаарлыг татаж байдаг.

Найз нь байх

Аав ээж гэхээр загинадаг тушаадаг эрх мэдэлтэн биш хүүхдийнхээ хамгийн дотны зөвлөгч дэмжигч найз чинь гэдгийг мэдрүүлээрэй.

Уур бухимдлаа ялгаж сурах

Хүүхдийн хийсэн үйлдэл үнэхээр уур хүргэхүйц байна уу эсвэл өөр хэн нэгэнд уурласан уураа, ажлын стрессээс үүссэн бухимдлаа хүүхэддээ гаргах гээд байна уу гэдгээ тунгаан бодоорой.

Урам зориг өгөх

Хүүхэд өөрийн хариуцлагаа ойлгон хичээл зүтгэл гаргаж, оролдлого хийн багахан ч гэсэн ахиц өөрчлөлт гарахад түүнийг урамшуулан тэвэрч, үнсэж, магтаж, сайшаах нь дахин хийх урам зоргийг өгдөг.

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1843
13995
86721
4152542

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc