ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 НАС ХҮРСЭН 120 ЗАЛУУЧУУД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЧ АНДГАЙ ӨРГӨЛӨӨ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын Газраас уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол Нийслэлийн 379 жилийн ойг тохиолдуулан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн Соёлын ордонд боллоо. Хан-Уул дүүргийн 16 хорооны 16 насанд хүрч буй 120 залуучууд иргэний үнэмлэх болон дүүргийн Засаг даргын хүндэтгэлийн “Дурсамж”-ын хамт гардан авлаа. 

Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын  зорилго нь иргэний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршино.

Андгай өргөх ёслолд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч О.Анхбаяр, Ц.Чинзоригт болон хэлтэс, албадын дарга нар иргэдийн төлөөлөл оролцлоо.  

Ёслолын ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд хэлэхдээ  “Монгол Улсын иргэн болж үнэмлэхээ албан ёсоор гардан авна гэдэг бол нэр төрийн хэрэг. Мөн хуульд заасан тодорхой эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээх юм. Тийм учраас өнөөдөр үнэмлэхээ хүлээн авч Монгол Улсын иргэн болж байгаа нийт залуучууддаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсээд улс эх орондоо хэрэгтэй, ихийг хийж бүтээсэн Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн хариуцлагатай иргэн болохыг хүсэн ерөөе” хэмээж Засаг даргаас дурсгасан ном болон дурсамж, иргэний үнэмлэхийг гардуулан өглөө.

Андгай өргөж буй залуучуудад Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Оюуны төвийн захирал, лектор Г.Мөнгөн нар илтгэл тавьж залуучуудыг нийгэмдээ манлайлагч байхыг уриаллаа. Түүнчлэн залуу дуучин Ш.Хүрэлбаатар 16 насны дурсамжаа хуваалцан ая дуугаар мэндчилгээ дэвшүүлсэн үйл ажиллагаа болж өндөрлөлөө.











Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3283
9157
82828
3081106

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc