“Хамтдаа сэргийлье” гэр бүл, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явагдаж байна

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан 2017 оны эрүүл мэндийн үзүүлэлтээс үзэхэд жилд бэлгийн замаар дамжих халдварын 15 364 тохиолдол бүртгэгдсэнээс 12.3 хувь нь 15-19 насныхан байгаа нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол нь  бидний зайлшгүй анхаарах ёстой асуудал гэдгийг харуулж байна.

Иймээс Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтран өсвөр насны сурагчдад эрүүл мэндийн зөв дадал хэвшүүлэх, гэр бүлийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, бэлгийн замаар дамжих халдварт өвчин, ХДХВ-ийн халдвар, ДОХ, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чадвар олгох зорилгоор  гэр бүл, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12-р сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уг сургалтад Ерөнхий боловсролын 34,60,114-р сургуулийн ахлах ангийн 350 гаруй сурагчид хамрагдаад байгаа бөгөөд цаашид 10,26,59,118,БУЦС-ийн ахлах ангийн сурагчид хуваарийн дагуу хамрагдах юм.

Сургалтаар:

  • Та аав ээж болоход бэлэн үү?
  • Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол
  • Гэр бүлийн хүчирхийлэл гэсэн сэдвүүдийн хүрээнд мэдээлэл, зөвлөмж өгч, өсвөр насныханд тулгамдаж буй асуудлаар нээлттэй ярилцлаа.

Сургалтын үр дүнд өсвөр насны сурагчид маань гэр бүл, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар зөв мэдлэг ойлголттой болж аливаа эрсдлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх, цаашдын амьдралдаа эерэг зөв дадал хэвшлийг бий болгон, ирээдүйн гэр бүлийн амьдралдаа хариуцлагатай хандаж, үнэнч нандин сэтгэлээр амьдрах хандлагатай болсон гэдэгт итгэлтэй байна.

Цаашид манай байгууллага нь гэр бүлийн боловсрол,нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр олон олон үйл ажиллагааг зохион байгуулах болно.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3699
14138
51751
3214500

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc