“Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас санаачлан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. 

Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн ерөнхий Прокурорын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Туул голын сав газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн удирдах албан тушаалтнууд оролцож нийгмийн өмнө тулгамдсан асуудлаар харилцан ярилцаж, холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар санал нэгдлээ.

Нийслэлийн ногоон бүс, экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа нь өнөөдөр хүн бүрийн санааг чилээсэн асуудал болж байна. Гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг угтан авч, үдэн гаргадаг Хан-Уул дүүргийн хувьд нийслэлийн өнгө төрхийг тодорхойлдог бөгөөд “Эко дүүрэг” зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд дүүргийн 12,13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт карьерын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлагыг өндөрсгөх, хайрга дайрга олборлолтыг багасгах, ил уурхайн тоог цөөлөх бодлого баримтлан ажиллаж байна.

Дүүргийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн “Дархан цаазат Богдхан уулын ногоон байгаль, байгалийн нөөц, ойн сан, нийслэлчүүдийн усны ундарга болсон Туул голыг хамгаалах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгамдаж байгаа энэ цаг үед чухал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Төр, захиргаа, хууль хяналтын байгууллага, иргэд олон нийт хамтран хойч ирээдүйдээ хүрээлэн байгаа орчныг зөв зохистойгоор нь хүлээлгэн өгөхийн төлөө энэ ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй. Тийм ч учраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс онцгой анхаарч ажиллах болно” хэмээн нээлтийн үгэндээ онцлож байв.

Иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг. Энэ эрхийн төлөө Хан-Уул дүүргийн Прокурорын газраас санаачлан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулсан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг эмхтгэн сэрэмжлүүлэг, уриалга бүхий товхимол гаргахаар боллоо.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Д.Мөнхсайхан
Улсын Ерөнхий прокурорын газраас 2018 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг  хангах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн хэмжээнд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”, “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг” зөрчлийн гаралт, шалтгаан нөхцлийг судлах судалгааг 2016, 2017 он, 2018 оны 6 сарын байдлаар судалсан судалгааны дүнг үндэслэн тус дүүргийн нутаг дэвсгэрт хяналт, хамгаалалтын үйл ажиллагаа явуулж буй эрх бүхий байгууллагуудын зөрчлийг илрүүлэх, шалгаж, шийдвэрлэх ажиллагаанд  тулгамдаж буй асуудлыг ярилцаж, шийдэх арга замын талаар хэлэлцэж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэсэн иргэний  суурь эрхийг хангуулах явдал юм. Хан-Уул дүүргийн хэмжээнд энэ суурь эрхийг хангахын төлөө эрх бүхий 7 байгууллага үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Эдгээрийн оролцоог нэгтгэж, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, тулгарч байгаа асуудлыг бодитой шийдвэрлэж чадах нь хэлэлцүүлгийн явцаас харагдаж байна.


Туул голын сав газрын хамгаалалтын захиргааны хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ:   
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хуучин барилгуудыг нураах ажлын явцад хяналт тавих ажил хангалтгүй байгаагаас Туул голын дагуу барилгын хог хаягдал ихээр хаягдсан байдлыг жишээ баримттайгаар үзүүлж, Дүүргийн хяналт шалгалтын байгууллагууд анхаарлаа хандуулвал зохих олон асуудлыг хөндөж Туул голын эрүүл газрыг авч үлдэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх саналыг гаргасан байна.


Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан: 

Дүүргийн Засаг даргаас захирамж гаргаж, түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтийг хязгаарлаж, ногоон байгууламжийг 2-3 дахин нэмэгдүүлсэн зэргээр хүрээлэн байгаа орчны чанар байдлыг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа, цаашид карьерийн  болон Туул голын эрэг дагуу чиглэлээр хэрэгжүүлэх хийгдэх ажлуудыг Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Хэлэлцүүлэгт оролцсон  Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын шадар зөвлөх А.Цэрэнсодном:  Хэлэлцэж буй хүрээлэн байгаа орчныг хамгаалах ажил Нийслэл, дүүргийн хэмжээнд тулгамдсан асуудал юм.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж,  зөрчлийг бууруулах зорилт тавин, хяналт шалгалтыг хамтарч хийх ажлыг өргөжүүлэх хэрэгтэй.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас зохион байгуулсан энэ  ажлыг цаашид бусад дүүргүүдийн хэмжээнд зохион байгуулна гээд эрх бүхий албан тушаалтнуудаас Байгаль орчинд хор хохирол учруулсан хохирлыг тооцох аргачлалыг судалж, хяналт шалгалт явуулах ажлын арга барилдаа шинэ дэвшилтэт техник, технилоги ашиглах нь үр дүнтэй гэсэн байна.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат: Аж ахуйн нэгж байгууллагуудаас хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг шаардаж, байгаль экологид хор уршиг учруулсан тохиолдолд хуулийн хүрээнд хариуцлага тооцож, зарим ноцтой асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалган энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хэрэгтэй гэжээ.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар гаргасан саналуудыг нэгтгэн,

  • Туул гол орчмын бургас мод огтлох, усыг бохирдуулах, хууль бусаар хайрга олборлож, байгаль орчныг бохирдуулах үйлдлүүд гарсаар байгаа талаар олон нийтийн хэвлэл мэдээлэлээр мэдээлэгдэж байгаад анхаарлаа хандуулж, иргэдийн мэдээ мэдээллийн мөрөөр шуурхай арга хэмжээ авч ажиллах,
  • Суурьшлын бүсэд, ил уурхай, арьс шир боловсруулах үйлдвэр, шувуу, гахайны аж ахуй зэрэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зэрэгцэн оршин байгаа хороодын асуудлыг зохих шатны түвшинд нь холбогдох байгууллагууд хандах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх, нийт оролцогч байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1858
14007
86736
4152557

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc