МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 98 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монгол цэргийн музей, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгатай хамтран хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд ИТХ-ын төлөөлөгчид, төр захиргааны болон хууль, хүчний байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн мэндчилгээ дэвшүүлэн үйл ажиллагааг албан ёсоор нээлээ.

“Эрхэм хүндэт иргэдээ, Хан-Уулчуудаа. Хүчирхэг Хүннү гүрний үеэс хөх Монголоо хамгаалж ирсэн дайчин баатарлаг домог түүхтэй "Монгол цэргийн өдөр"-ийн баярын гал цогтой мэндийг нийт иргэд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, ахмад дайчид, цэргийн үүрэгтэн Та бүхэндээ хүргэе. Өнөөдөр эгэл жирийн монгол цэрэг эрс эх орноо үнэнчээр батлан хамгаалах их үйл хэргийг гүйцэтгэхийн зэрэгцээ тив ертөнцийн энхийн төлөөх ариун үйлсэд оролцож, дэлхийн халуун цэгт үүргээ биелүүлэн алдар суугаа мандуулж явна. Энэ бол монгол цэргийн дайчин уламжлалын илэрхийлэл, Монголын ард түмний бахархал, монгол цэрэг дэлхийн цэрэг болсны тод жишээ юм. Батлан хамгаалах бодлого бол улс орны үндэсний аюулгүй байдлын баталгаа нь байдаг.


Иймээс дүүргийн нутгийн захиргааны байгууллагаас Цэргийн штаб, Зэвсэгт хүчний  011, 120, 303, 326 дугаар анги байгууллагатай нягт хамтран ажиллаж, залуусаа эх оронч хүмүүжлээр төлөвшүүлэх, батлан хамгаалах салбарын хуулийг иргэддээ сурталчлах, энх цагийн бүтээн байгуулалтад эр цэргүүдийнхээ үүрэг оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг тогтмол хийж ирсэн. Олон зууны баялаг түүхээ, орчин үеийн ололт амжилтаар бататган бэхжүүлж буй манай Зэвсэгт хүчний маань яруу алдар мандан бадрах болтугай.  
Эрхэм хүндэт иргэд ээ, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны  98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээ нээснийг мэдэгдье” хэмээлээ.
Энэ үеэр ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн Марш аялгуу тоглож, үргэлжлүүлэн дүүргийн 18 нас хүрсэн иргэдэд Цэргийн үүрэгтний үнэмлэх-ийг албан ёсоор гардуулан өгч, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн Халх голын ялалтын 80 жил, Нийслэлийн 380 жилийн ойн баярыг угтаж хүүхэд, залуучуудад эх орноо хайрлан хамгаалах, бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, хамт олонч уур амьсгалыг бий болгоход чиглэгдсэн дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл-2019” тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулах арга хэмжээ боллоо.

Түүнчлэн  Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан албан хаагч, иргэдийг шагнаж урамшууллаа. 


Тус хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Монгол цэргийн музейгээс гаргасан Халхын голын ялалт – 80 жил үзэсгэлэн”, “Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх”, “Халхын голын ялалт, Зэвсэгт хүчний үйл ажиллагаатай холбоотой баримтат киног иргэдэд үзүүлж сурталчилсан үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

















 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4921
36150
86714
5047179

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc