СОЛОНГОС УЛСЫН ГЁНГСАН АЙМГИЙН ХАМАН СУМЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

Солонгос улсын Гёнгсан аймгийн Хаман сумын зочид төлөөлөгчид 2019 оны 04 дүгээр сарын 09-12-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэгт хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах ажлын айлчлал хийж байна.

Хаман сумаас тус сумын Газар тариалангийн технологийн төвийн захирал Ма Жонму, Тарвас хариуцсан багийн дарга Хуан Хэжинь, Харилцаа хамтын ажиллагаа хариуцсан багийн дарга Чон Өньжа, Хүлэмж суурилуулах компани Захирал Кан Ёнду нар Хан-Уул дүүрэгт хүрэлцэн ирээд байна.  

Тус зочид төлөөлөгчдийг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ДИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан болон дүүргийн төлөөлөгчид дүүргийн хөдөө аж ахуй, газар тариалангийн өнөөгийн нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулан, цаашид энэ чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.

Хаман сум нь хөдөө аж ахуй, хүлэмжийн технологи хөгжсөн сум бөгөөд Солонгос улсад чанартай тарвасаараа алдартай төдийгүй төрөл бүрийн хүнсний ногоог Япон улс руу экспортолдог хүлэмжийн аж ахуй түлхүү хөгжсөн сум.

Энэ удаагийн уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүрэгт орчин үеийн стандартад нийцсэн тарвасны таван хүлэмж байгуулж өгөхөөр болж, ажлын хэсэг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн “Хан-Уул Агро” паркийн үйл ажиллагаа болон хөрс шорооны нөхцөл байдалтай мэргэжилтнүүд газар дээр нь танилцаж, тарвас тарих талбай болон хөрсний дүн шинжилгээ хийх ажиллагааг эхлүүллээ. Талбайн хөрсний дүн шинжилгээний үр дүнд шаардлагатай тоног төхөөрөмж,  үр бордоогоор ханган таван хүлэмжийг байгуулах ажил эхлэх юм. 


Хаман сумаас ирсэн зочдын багийн ахлагч Газар тариалангийн технологийн төвийн захирал Ма Жонму “Хан-Уул дүүрэгт байгуулах таван хүлэмжийг “Хан-Уул Агро” паркийн талбайд байгуулахад тохиромжтой төдийгүй шаардлагатай бүхий л хэрэгслийг ирэх сараас эхлэн үе шаттайгаар авч ирнэ хэмээлээ. Мөн тарвасны хүлэмжийн аж ахуй эрхлэгч, мэргэжилтнүүдэд зөвлөмж, зөвлөгөө өгөх, технологи, менежментийн сургалт зохион байгуулах, өндөр ургацтай, чанартай үр сортыг нутагшуулах,  үржүүлэх чиглэлээр Хан-Уул дүүрэгтэй хамтран ажиллана гэлээ.

Үргэлжлүүлэн өнөөдөр ажлын хэсэг ХААИС-ийн “Агро парк” сургалт судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судалснаар үр дүнтэй ажлын айлчлал үргэлжилж байна.




Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1092
41463
42464
5002929

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc