ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 2019 ОНЫ 1 ДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ

Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг.


Энэ тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулдаг уламжлалтай. 

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагыг 2019 оны 05 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 03- ны өдөр 2019 оны 1 дүгээр ээлжийн Цэрэг татлагын үйл ажиллагаа улс орон даяар нэгэн зэрэг эхэлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд  Хан–Уул дүүргийн цэрэг татлага дүүргийн 34-р сургууль дээр 9:00 цагаас эхэллээ.

Арга хэмжээг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд хэлсэн үгэндээ “Өнөөдөр улс нийтээр зохион байгуулагддаг Цэрэг татлагын үйл ажиллагаа уламжлал ёсоор дүүргийн хэмжээнд эхэллээ. Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар цэргийн эрдэмд суралцаж, бие бялдарын өв тэгш хөгжилтэй, хатуужил тэвчээртэй иргэн болгон хүмүүжүүлдэг сайхан алба. Өвөг дээдсийнхээ баатарлаг уламжлалыг хадгалан үргэлжлүүлэх залгамж халаа болсон залуучууд та бүхэн эцэг эхийн хүү байсан бол өнөөдрөөс эх орны хүү болж, Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргийнхээ дагуу цэргийн жинхэнэ албанд татагдахаар ирсэн. 

Цэргийн албанд татагдахаар ирсэн залуучууд та бүхэндээ эх орноо батлан хамгаалах ариун үүрэгтээ үнэнч байж, цэргийн жинхэнэ албаа нэр төртэй үлгэр жишээчээр хааж, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаад талархаж байна. Монгол Улсын тусгаар тогтнол халдашгүй дархан байдлыг ямагт өндөрт өргөн, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэнэ гэдэгт Хан-Уул дүүргийн залуус та бүхэндээ би итгэж байна. Иргэний цэргийн үүргээ биелүүлсэн иргэн таньд баярлалаа. 2019 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага нээснийг мэдэгдэе” хэмээлээ. 

Цэрэг татлагын арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд, дүүргийн Цэргийн штабын дарга /хурандаа/ А.Баттулга, Хууль эрх зүй, архивын тасгийн дарга Ч.Байгаль, дүүргийн хороодын Засаг дарга нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Дүүргийн хэмжээнд нийт цэргийн алба хаах 18-22 насны эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн бүх иргэд цэрэгт явах юм. Хан-Уул дүүргийн цэрэг татлага нь олон улсын шаардлага, орчин нөхцөлийг хангасан бүх талбайг камержуулсан, богино холбооны хэрэгслээр иж бүрэн тоноглосон, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх байраар хангасан, нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж ажиллаж байна.

Энэ жилийн цэрэг татлагын онцлог нь шинэчлэн батлагдсан цэргийн албаны тухай хуулинд ээлжит цэрэг татлагаас оюутныг түр чөлөөлөх заалт байхгүй тул зарлан дуудах мэдэгдэл авсан их, дээд сургуулийн оюутан цэрэг татлагаар орно. 

Цэрэг татлага 2019 оны 05 дугаар сарын 03-05-ны хооронд үргэлжлэн явагдах юм.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3619
8097
82880
4396254

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc