УИХ-ын дарга болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд ажиллалаа

Өнгөрөгч тавдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороодод ажиллаж, Туул голын ай сав дагуух ус, хөрс, агаарын бохирдлын байдлыг үзэж, холбогдох үүрэг даалгавар өгч байсан билээ. Үүний дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаа хийж, “Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх” мэдээллийг сонсож, холбогдох албаныханд чиглэл өгсөн юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 19-ний өдөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан,  Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон холбогдох яам, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд ажиллаж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Шувуун фабрик орчимд хайрга, дайрга олборлох үйл ажиллагаа хавтгайрч, малын бэлчээр, голын голдирол, хөрсийг сүйтгэж, иргэдийн суурьшлын бүс нутагт заналхийлж байна. Хайрга дайрга олборлолт, тээвэрлэлтийн улмаас их хэмжээний шороо тоос босож, амьсгалах агааргүй шахам болдог талаар зам тосож цугларсан хорооны оршин суугчид хэлж байна.

Хоёр жилийн өмнө эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны болон Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж, шийдвэрээр цуцалж, олборлолт хийхийг хориглосон ч Шүүх дээр очоод Эвлэрлийн гэрээ болж хувирснаар дахин олборлолт хийх болсон. Эвлэрлийн гэрээгээр үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн ташаа ойлголтыг иргэдэд өгч байгаа. Гэтэл энэ Эвлэрлийн гэрээ нь нөхөн сэргээлтээ хий гэдэг л гэрээ болохоос дахин олборлолт хийхгүй гэдгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэллээ.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгонд 20 гаруй карeер байдаг. Алтанбулаг сумын Засаг даргын захирамжтай 15 гээд нийт 35 карeер байдаг. Өдөрт дунджаар 400 гаруй машин 1-5 удаагийн давтамжтай явдаг. Энэ хавраас тээвэрлэлт 3-4 дахин нэмэгдсэн. Үүнээс болж Бөхөн, Түргэний голууд ширгэж, ундны усгүй боллоо. Мөн 17 төрлийн эмийн ургамал ургадаг байсан бол одоо байхгүй болсон. Хуурайшилт, тоосжилтын талаар ярилтгүй. Нэг ч аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийдэггүй гэдгийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга А.Одбаяр хэлсэн юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2016 оноос хойш тасралтгүй хяналт шалгалт хийж, техник, тоног төхөөрөмжийг нь лацдаад тусгай зөвшөөрлийг нь цуцалж өг гэсэн улсын байцаагчийн дүгнэлтээ холбогдох байгууллагуудад нь хүргүүлж ирсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд нийслэлд 218 лиценз олгогдсон байдаг. Анх удаа 95 тусгай зөвшөөрлийг цуцлуулсан гэдгээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү хэллээ.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллага төрийн хяналт шалгалтыг явуулах үүрэгтэй. УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах эрх бий. Төрийн хяналт шалгалтын тухай болон бусад хууль тогтоомж энд хэрэгжихгүй байна. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран маргаашнаас хууль зөрчигчдөд хяналт тавьж ажилла. Нөхөн сэргээлтийг нь хийлгэ. Үүргээ биелүүлэхгүй аж ахуйн нэгжүүдэд төр “төмөр нүүр”-ээ харуулж, хариуцлага хүлээлгэ” гээд УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, хорооны иргэд, Барилгын материал үйлдвэрлэгчид, химийн инженерүүдийн холбоо, Элс, хайрга, дайрга үйлдвэрлэгч компаниудын холбооны төлөөллийг хөндлөнгийн хяналт тавьж ажиллах үүрэг, чиглэлийг өгч ажиллалаа.

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5552
13227
147506
4721721

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc