Хан-Уул
Мэдээлэл

Нийслэл, дүүргийн  удирдлагуудын зүгээс асуудлыг шийдвэрлэж, иргэдээ аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгыг өмнөө тавьж ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж, шинэ орон сууц барих ажил үргэлжилсээр буй.

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших арьс ширний нийтийн 10 дугаар байр нь  хагас зуун жилийн насжилттай уг байранд ашиглалтад орсон цагаас хойш засвар үйлчилгээ огт хийгдээгүй байна.
Мөөгөнцөртсөн, газар хөдлөлтөнд тэсвэргүй болж, дээвэр туурга хана нь цуурсан энэ байранд 70 гаруй иргэн амьдардаг байсан. Өнөөдөр арьс ширний нийтийн 10 дугаар байрыг шинэчлэн барих эхний ээлжийн 40 айлын орон сууцны барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо.

Шав тавих ёслолд Өргөдөлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, НГХДБГ-ын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ, “Нью Биг Фиш Констракшн” ХХК-ийн захирал П.Ганбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээж үг хэлэхдээ  “Эхний ээлжинд 20 айлын 10 дугаар байрны суурин дээр 40 айлын 2 давхар орон сууц баригдана. Дараагийн ээлжинд мөн 40 айлын орон сууц ашиглалтад орно. Иргэд урд нь 16 м байранд амьдардаг байсан бол шинэ төлөвлөлтөөр 24.32 м2 бүхий душ, ариун цэврийн өрөөтэй, орчин үеийн тохилог орон сууц баригдах юм. Нийслэлийн зүгээс иргэдээ эрүүл аюулгүй тохилог орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж, хуучин байсан м2 дээр нэмж 8.32 м2 талбайг нэмж өгч байна. Энэ ажил иргэдийн оролцоо дэмжлэгтэйгээр эхэлж байна.” хэмээлээ.

НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “ Арьс ширний нийтийн 10 дугаар байрыг шинэчлэн барих эхний ээлжийн 40 айлын орон сууц барих шав тавьж байгаад баяртай байна. Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилт тавин ажиллаж буй энэ хүрээнд  дүүргийнхээ иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах, гэр хорооллын хөгжил цэцэглэлтэнд зориулж хийх ажлынхаа эхэнд тавьсан байгаа. Энэ зөвхөн эхлэл цаашид Хан-Уул дүүргийн олон өрх айлууд шат дараатайгаар шинэ байрандаа орох болтугай” гэлээ.

Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо буюу арьс ширний нийтийн 10 дугаар байрыг шинэчлэн барих эхний ээлжийн 40 айлын орон сууцыг барих “Нью Биг Фиш Констракшн” ХХК-ийн хамт олон барилгын ажлыг чанартай сайн гүйцэтгэж, товлосон хугацаанд нь хүлээлгэн өгөхөө хэллээ. Тус байр нь 2017 оны  09 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.