Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул Эко дүүрэгт ногоон байгууламжаа нэмэгдүүлэх ажил үе шаттай үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил үе шаттай үргэлжилж байна. Хөтөлбөрийн хүрээнд дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг хашаандаа мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийг уриалан гарган хамтран ажиллаж байна. Дүүргийн гэр хорооллын өрхүүдийн амьжиргааг дэмжих зорилгоор 10, 16 дугаар хорооны 100 өрхөд чацаргана, үхрийн нүд зэрэг жимсний 1000 ширхэг суулгацыг өгч арчлан ургуулах тал дээр заавар, зөвлөмж өглөө.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид хамтран дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан “Эко ахмадын сувилал”-ын гадна талбайд 3 төрлийн 140 ширхэг мод, бутыг тарьж, орчны тоосжилт, агаар, ус, хөрсний бохирдлоос салахад хувь нэмэр оруулан ажиллав. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, иргэд та бүхэн орчин тойрондоо мод тарьж, эко орчин нөхцөлд ая тухтай амьдрахад хувь нэмрээ оруулан хамтран ажиллахыг уриалж байна хэмээлээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар