20 C
Ulaanbaatar
2021/07/24 [12:16:31]
Хан-Уул
Мэдээлэл

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ ИРЭХ САРЫН 19-22-НД ЗОХИОН БАЙГУУЛНА

Засгийн газрын ээлжит хурал 2021 оны долдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийт хүн амын 64.8 хувь вакцины нэгдүгээр тунд, 56.6 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байна

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. УОК худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд зохицуулалт хийх хүрээнд зочид буудал, амралт, жуулчны газар, зарим төрлийн баар, ресторан, алжаал тайлах төв, саун, фитнесс зэрэг худалдаа үйлчилгээ эрхэлдэг 2,510 иргэн, хуулийн этгээдтэй хариуцлагын гэрээ байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрөөд байна.

2021 оны долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 64.8 хувь нь нэгдүгээр тунд, 56.6 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байгаа юм.

Коронавируст халдварын олон хувилбарын тархалтын талаар тасралтгүй судалгаа хийж байна. Өнгөрөгч тавдугаар сарын эхээр дельта вирусийн зөөвөрлөгдсөн тохиолдол илэрч, тусгаарлан эмчилсэн. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Оном сангийн хамтарсан судалгааны хүрээнд Колумбын их сургуульд илгээсэн шинжилгээнээс 13 хүний сорьцоос дельта вирусийн хоёр тохиолдол, Интермэд эмнэлэгт долдугаар сарын эхээр хийсэн шинжилгээнүүдээс дельта вирусийн нэг тохиолдол илэрсэн байна. Сорьцууд баталгаажиж бүрэн дуусаагүй байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлээд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөлөө.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх сарын 19-22-нд зохион байгуулна

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2021 оны наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. 40,420 хүүхэд шалгалт өгөх бөгөөд зохион байгуулалтад 9,000 орчим багш, ажилтнууд оролцоно. 7,600 хүүхэд сумаас аймгийн төвд очиж шалгалт өгөх ажээ.