9 C
Ulaanbaatar
2021/09/19 [03:55:18]
Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Хан-Уул дүүргээс удирдан явууллаа

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас цахимаар зохион байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 25 үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 79.4 хувьтай байна.

Хурлын эхэнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүрэгт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тухайлбал, дүүргийн хэмжээнд вакцинд хамрагдалт 80 хувьтай байгаа бөгөөд 17.000 хүүхэд дархлаажуулалтад хамрагдахаас 12.500 хүүхэд хамрагдаад байна хэмээн бусад ажлуудыг товч танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 282 тохиолдол батлагдсанаас хүүхэд 72, жирэмсэн дөрвөн хүн байна. Сургууль, цэцэрлэг дээр байрлаж байсан дархлаажуулалт, шинжилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлсэн.

Мөн коронавирусийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсний дагуу энэ чиглэлээр ажиллаж байгаагаа НЭМГ-ын дарга Б.Бямбадорж онцоллоо. Газрын зөрчилтэй 300 орчим байршлыг чөлөөлжээ Богдхан уулын “Авто зогсоол-Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын зам, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга зураг төслийн ажил хийгдэж байгаа гэдгийг хэллээ. Мөн АСЕМ-ийн ойролцоох тохижилтын ажилд гүйцэтгэгч шалгарахгүй, гурван удаа сонгон шалгаруулалт зарлаж, долдугаар сарын 20-доос ажилдаа орсон байна. Хотын дарга олон улсын стандартын дагуу бүтээн байгуулалтын ажлыг чанартай, сайн хийх ёстойг анхааруулж байлаа. Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Ривер гарден”, Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох ажлуудыг түргэвчлэхийг, шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болгов.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжийн дагуу өнөөдрийн байдлаар 300 орчим байршлыг чөлөөлсөн. Тохижилт хийх шаардлагатай газруудад тохижилт хийхээр холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа” гэв. Хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг даалгалаа Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гурван чиглэлээр 12 үүрэг, даалгавар өглөө.

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан болон цагийн хязгаарлалтад өөрчлөлт оруулсан аж ахуйн нэгж байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болгов. Мөн замын хөдөлгөөний дүрэм, журмыг баримтлуулах, явган зорчигч болон хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг даалгалаа. Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, үйлчилгээний цагийн хуваарь болон автобусны тоог нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлуудаа сайтар хангаж ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжийн дагуу чөлөөлсөн байршлуудад тохижилт хийх ажлыг зохих хууль, журмын дагуу шуурхай зохион байгуулах, Богдхан уулын “Авто зогсоол-Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын зам, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудыг эрчимжүүлэхийг даалгалаа.