Хан-Уул
Мэдээлэл

Нийслэлийн Засаг дарга Хан-Уул дүүргийн Шуурхай штабд ажиллалаа

2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн Шуурхай штабаас хийж, хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцлаа. Дүүргийн хэмжээнд вакцины дөрвөн цэг, Тандалт, хариу арга хэмжээний хоёр баг үйл ажиллагаа явуулж байна. “Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1388, тусгаар байранд хоёр, гэрээр 709 хүн эмчлэгдэж байгаа. 24.135 хүн эдгэрч, 941 хүн ойрын хавьтлаар гэрийн тусгаарлалтад байна” гэв.

Мөн “Хариуцлагын гэрээ” байгуулсан 42 аж ахуйн нэгжид шалгалт хийхэд таван зөрчил илэрснийг газар дээр нь арилгуулан шуурхай ажиллаж байгааг Хотын даргад холбогдох албан тушаалтан танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Аж ахуйн нэгжид зөвлөн туслах байдлаар ажиллах хэрэгтэй. Коронавирус гарснаас хойш бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хүнд цохилтод орсон. Тэднийг сайн ойлгож, дэмжих, зөвлөх, туслах талаас нь ажиллах ёстой” хэмээлээ. Түүнчлэн дүүргийн хэмжээнд 376 эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эмийн татан авалт, хангалт шаардлага хэмжээнд байх ёстойг хэлснээс гадна ковидын дараах эмчилгээнд онцгой анхаарах ёстойг санууллаа.