Хан-Уул
Мэдээлэл

Дэлхийн зөн монгол олон улсын байгууллагын хан-уул орон нутгийн хөтөлбөрийн хаалтын ёслол болж өнгөрлөө /2021.09.09/

2021 оны 09 сарын 9-ны өдөр 2005 оноос Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаын “Хан-Уул орон нутгийн хөтөлбөр”-ийн хаалтын ёслол болж Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, ДЗМОУБ-ын суурин төлөөлөгч Б.Болорцэцэг нар “Тогтвортой байдлын гэрээ” байгуулж гарын үсэг зурлаа.

Уг хөтөлбөр нь Хан-Уул дүүргийн 7, 8, 9, 10, 12, 13, 16 дугаар хороонд Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, боловсрол, өрхийн амьжиргааг дэмжих, гамшгийн менежмент, иргэний нийгмийг чадавхжуулах, хүүхэд хамгааллын оролцоо, хүүхэд ивээн тэтгэх гэсэн үндсэн 7 хөтөлбөрөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжих, гамшигт тэсвэртэй хот, өвлийн хувцас зэрэг нэн шаардлагатай нэмэлт хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлж, 7 сургууль, 12 цэцэрлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Албан бус-Насан туршийн боловсролын төв зэрэг байгууллагуудаар  дамжуулан 16403 мянган өрхийн 26287 насанд хүрэгч, 32494 хүүхэд, 600 гаруй сайн дурын идэвхтэн зэрэг давхардсан тоогоор 200 гаруй мянган хүнд хүрч ажиллажээ.

Хаалтын ёслолын үеэр Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин:

Өнөөдрийн байдлаар Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хан-Уул орон нутгийн хөтөлбөр нь 2005 оноос хойш зөвхөн үндсэн 7 хөтөлбөртөө 7,2 сая америк долларын санхүүжилт хийсэн нь одоогийн ханшаар 20 орчим тэрбум төгрөг болж байгаа бөгөөд дүүргийн хөгжил дэвшилд асар их дэмжлэг болсныг дурьдаад Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны “ЭКО ДҮҮРЭГ -ЭРҮҮЛ ДҮҮРЭГ” хөтөлбөрт “Ахмадаа дээдэлье”, “Эрүүл дүүрэг”,  “Залуучуудын хөгжил”, “Багш”, “Зөв хүүхэд зөв ирээдүй” дэд хөтөлбөрүүдээр уг үйл ажиллагаа үргэлжлэн хэрэгжих болно гэдгийг цохон тэмдэглэв.

 Хаалтын ёслолын үйл ажиллагаанд Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хан-Уул орон нутгийн хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхитэй хамтран ажилласан дүүргийнхээ сайн дурын идэвхтэн, төрийн албан хаагчдыг “Хан-Уул дүүргийн хүндэт тэмдэг”, дүүргийн Засаг даргын жуух бичиг, дүүргийн Засаг даргын өргөмжлөлөөр шагналаа.