20 C
Ulaanbaatar
2022/08/12 [13:21:32]
Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль зохион байгуулагдлаа /2022.03.24/

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын хүрээнд жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль хийж, бэлэн байдлыг хангаж ажилладаг. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль энэ өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулагдлаа.

Улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор энэ дадлага, сургуулийг цар тахлын нөхцөл байдлын улмаас хоёр жил өнжиж, энэ удаа 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Тус дадлага сургуулиар газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, дүүргийн хэмжээнд суурилуулсан, төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.

Дуут дохио дуугарах үеэр иргэд, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхтэй оролцож, Хан-Уул дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Шүүх, Цагдаагийн газрын алба хаагчид гадаах талбайд цугларч, дадлага сургуулилтад идэвхтэй хамрагдлаа.