Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 12,14 дүгээр хороо буюу Биокомбинат, Өлзийтийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийн сонслоо

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинат, 14 дүгээр хороо Өлзийт зэрэг суурьшлын бүсэд хүнд даацын автомашинууд барилгын түүхий эд болох элс, хайрга дайрга олборлож, шороо тоос босгон тоосжилт үүсгэн иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй амьдрахад хүндрэл үүсгэж, оршин суугчдын зүгээс гомдол санал ихээр ирдэг.
Үүнтэй холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар, Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн нар дүүргийн алслагдсан хороодод ажиллаж, иргэдтэй уулзлаа.
Хайрга, дайрга олборлолтыг зогсоох тухай Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж гарч, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хяналт тавин 3 пост дээр 24 цагаар хяналт тавин ажиллаж буй.
Гэвч элс, хайрга ачсан хүнд даацын автомашинууд шөнийн цагаар хороолол дундуур явж, иргэдийн эрүүл мэнд, амь нас аюулгүй амьдрахад хүндрэл үүсгэж буйд иргэд гомдолтой байгаагаа илэрхийллээ.
 Өмнөх жилүүдтэй харьцуулахад элс, хайрга ачих, зөөх явдал эрс цөөрсөн ч гэлээ хулгайгаар, хууль бусаар шөнийн цагаар тээвэр хийх явдал байсаар байгаа бөгөөд хяналт шалгалтаа сайжруулж, үүнийг бүрэн зогсоож өгөхийг иргэдийн зүгээс хүсэж байсан.
Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, хяналт тавих ажлын хэсэг 24 цагаар ажиллаж байгаагаас гадна 5 байршилд хяналтын камер суурилуулсаныг хэлээд цаашид хяналт, шалгалтаа сулруулахгүй, иргэдтэйгээ хамтран ажиллахаа илэрхийллээ.
Үргэлжлүүлэн НИТХ-ын төлөөлөгчид нь сонгогдсон тойрогтоо тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээ илэрхийлж, улс, нийслэл, дүүргийн болон ОНХС-ын хөрөнгөөр хийгдсэн болон цаашид хийхээр төлөвлөж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгч, санал солилцов.