Хан-Уул
Мэдээлэл

“Үер усны аюулаас урьдчилан сэргийлье” өдөрлөг зохион байгууллаа

Өнгөрсөн 5 жилийн  хугацаанд 553 иргэн гамшиг, осолд өртөж амь насаа алдсан үүнээс 124 нь хүүхэд байна гэсэн харамсалтай тоон мэдээлэл байдаг.

 

Тиймээс үер, усны ослын тоо, хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Шадар сайдын баталсан захирамжаар “Үер, уснаас үрсээ хамгаалъя”, НОБХ-ээс зохион байгуулсан “Анхаарахад л болно” аяныг улс орон даяар өрнүүлж байна. Тус аяны хүрээнд Хан-Уул дүүргийн ЗДТГ, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо болон бусад мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Үер усны аюулаас урьдчилан сэргийлье” өдөрлөгийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

ДОБХ-ийн дарга, Хурандаа Д.Бат-Эрдэнэ:

-Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үер уснаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Энэ хүрээнд өнөөдөр хамгийн эрдсэл бүхий байршил болох 8 дугаар хорооны нутаг туул голын  эрэг энэ цэгт   тус өдөрлөгийг зохион байгуулж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Сайнбаяр:

-Дүүргийн зүгээс эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үер уснаас хамгаалах аврагч ангиуддаа холбогдох тоног төхөөрөмжөөр хангах, эрсдэлтэй байршлуудад мэдээлэх самбаруудыг тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан, урьдчилан сэргийлэх, баг бүрэлдэхүүнээр ханган ажиллуулах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна.

Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй:

-Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад усанд осолдох эрсдэл 3,7 хувиар  буурсан үзүүлэлттэй байна. Энэ  нь тус аяны үр дүн гэж хэлхээр байна. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулсан ажлуудын үр дүн гэж хэлж болно.