Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүрэг дэхь боловсролын байгууллагуудын Нийслэлийн шилдгүүд шалгарлаа

“Боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтан” шагналын эзэн тодорлоо

Нийслэлийн боловсролын салбарт ажиллаж буй туслах ажилтнуудын ажлын бүтээмж амжилтыг үндэслэн 2022 оноос эхлэн боловсролын салбарын чадварлаг ажилтныг шалгаруулж байна. Боловсролын байгууллагын Нийслэлийн чадварлаг ажилтанаар Хан-Уул дүүргийн 118 дугаар сургуулийн жижүүр Л.Батбаяр шалгарлаа.

“Коттент бүтээгч багш” нар шагналаа гардан авлаа

Мэдлэг чадвар, оюун ухаанаа дайчлан боловсролын салбарын цахим системд хамгийн олон хичээл, контент байршуулан суралцагч, багш нарын хөгжлийн төлөө зүрх сэтгэлээ зориулан ажиллаж буй багш нарыг шагнаж, урамшууллаа. Тус номинацид Хан-Уул дүүргийн Орчлон сургуулийн монгол хэлний багш Э.Батдэлгэр, Сакура сургуулийн англи хэлний багш Б.Учрал, Монгол билиг оюу цэцэрлэгийн биеийн тамирын багш Г.Мэгзэр нар шалгарлаа.

Нийслэлийн “Шилдэг зөвлөгч багш” нар шалгарлаа

Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын багш нарт мэргэжил онол, арга зүй, сургалтын технологийг нийслэл, орон нутгийн түвшинд тогтмол зохион байгуулж, арга зүйгээ түгээн дэлгэрүүлсэн нийслэлийн “Зөвлөлдөх баг”-аас шалгарсан багш нарыг 2 дахь жилдээ шалгаруулан шагналаа. Нийслэлийн шилдэг зөвлөгч багшаар Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн мэдээлэл зүйн багш О.Анхчимэг, 18 дугаар сургуулийн түүх нийгмийн багш Д.Аюулгүй, 34 дүгээр сургуулийн биологийн багш Ж.Энхтуяа, Шинэ монгол харумофүжи сургуулийн газар зүйн багш Э.Энхжаргал нар шалгарлаа.

Ерөнхий боловсролын “тэгш хамруулагч байгууллага” тодорлоо

Монгол улсад “Боловсролын тухай”, “Сургуулийн өмнөх боловсролын тухай”, “Бага дунд боловсролын тухай”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулиудад боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай суралцагчийн эрх, үүрэг, хэрэгцээ шаардлагыг тусгасан байдаг.

Тухайн байгууллагын багш нар тэгш хамран сургах боловсролын талаар нэгдсэн ойлголттой болж хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй суралцагчдад боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлж, сурч боловсрох эрхээ эдлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад хамтын оролцоотойгоор ажиллаж, үр дүнд хүрсэн байгууллагыг анх удаагаа шалгаруулсан юм. Тус байгууллагаар Д.Тунгалаг захиралтай Хан-Уул дүүргийн 75 дугаар сургууль шалгарлаа.

Хүүхэд бүрийн суралцахуйн хөгжлийг хангахад сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж,  мэдлэг оюун, эрдэм чадвараараа бусдыгаа манлайлан ажиллаж, амжилтаа үнэлүүлсэн багш нартаа ажлын өндөр амжилт хүсье!

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР