Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн хүүхдийн найрал дууны шилдгээр 18 дугаар сургууль тэргүүн байр эзэллээ

Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болон зохиогддог Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээний 1 дүгээр шатны шалгаруулалтад Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 13 сургуулийн 760 гаруй сурагчид авхаалж, самбаагаа сорин өрсөлдлөө.

Шилдэг сургууль, багш шалгаруулах шүүгчээр Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, хормейстер Ц.Хонгорзул, Хилийн цэргийн дуурь бүжгийн чуулганы Зөвлөх хормейстр Ж.Батхүлэг, МУК-ын багш, хормейстер, Монголын найрал дууны уран бүтээлчдийн тэргүүн Л.Баярмаа нар шүүж, шилдгүүдийг тодрууллаа.

Шалгаруулалтын дүнгээр:
ТЭРГҮҮН байранд: Хан-Уул дүүргийн 18 дугаар сургууль
ДЭД байранд: “Шинэ Монгол Харүмафүжи” сургууль
ГУТГААР байранд: Хан-Уул дүүргийн 60 дугаар сургууль
ТУСГАЙ байранд: Хан-Уул дүүргийн 130 дугаар сургууль
ШИЛДЭГ удирдаач БАГШ: “Шинэ зуун билэг” сургуулийн хөгжмийн багш Б.Мөнхзаяа тус тус шалгарлаа.

Нэгдүгээр шатны шалгаруулалтад амжилттай оролцсон 1,2,3 дугаар байрын нийт 170 сурагч Монголын хүүхдийн ордонд 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдах 2 дугаар шатны шалгаруулалтад Хан-Уул дүүргийг төлөөлөн оролцох юм.

 Шилдгээр шалгарсан баг хамт олонд амжилт хүсье!

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР