Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хороодын хэсгийн ахлагч нартай уулзлаа

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өнөөдөр хороодын Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нартай уулзалт хийж, 2021-2022 онд дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжсэн бүтээн байгуулалт, 2023 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын мэдээлэл өгч, санал солилцлоо.

Зөвлөлдөх уулзалтын эхэнд хөрөнгө оруулалтын ажлаа товч танилцуулж, шинээр батлагдсан хууль, дүрэм журам, тогтоол шийдвэрүүд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас шинэчлэн баталсан “Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журам”-ын хэрэгжилт, албан хаагчдын хөдөлмөрийн харилцаатай холбоотой санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой зарим асуудлыг танилцууллаа.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хороодын хэсгийн ахлагч нартай уулзаж “нийслэл, дүүрэг, хороо гэх олон шат дамжлагатай, ижил тогтолцоотой, данхар бүтэцтэй засаг захиргааны нэгжүүдийг нэгтгэж, иргэдийн жаргал, зовлонг хамгийн ойроос мэддэг хороодод захиргааны эрх мэдлийг нь өгмөөр байна” хэмээн бусад асуудлыг товч илтгэж, хэсгийн ахлагч нарын санал хүсэлтийг судалж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга болон холбогдох хэлтэс, албадын удирдлагуудад чиглэл өгсөнөөр зөвлөлдөх уулзалт өндөрлөлөө. Зөвлөлдөх уулзалтын төгсгөлд хамт олноо манлайлж ажилласан хэсгийн ахлагч нарыг шагнаж урамшуулав.