Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

ЭКО ЭЕРЭГ МЭДЭЭ №3: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд 300 хүүхдийн багтаамжтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн алслагдсан 13 дугаар хороо нь 4000 мянга гаруй хүн амтай, 1280 мянган өрхтэй хороо. Төрийн өмчийн ганцхан сургуульд хоёр ээлжээр хичээллэж байсан бол шинэ бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсноор нэг ээлжээр хичээллэж эхэллээ.

Улсын төсвийн хөрөнгөөр 160 хүүхдийн суудалтай сургууль, 120 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор өнөөдөр нээлтээ хийж, нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын Төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон хороо, дүүргийн удирдлагууд, эцэг эхчүүдийн төлөөлөл, сурагчид оролцлоо.

Үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хан-Уул дүүрэгт улс, нийслэл, дүүргийн хөрөнгөөр 2021-2024 онд нийт 12 сургууль, 16 цэцэрлэг, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор тус тус ашиглалтад орно.

Өнөөдөр 13 дугаар хороонд шинээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор үүд хаалгаа нээж, хүүхэд, багачууд маань ая тухтай орчинд гэрийнхээ ойр шинэ цэцэрлэг, сургуульдаа явж эхэлсэнд баяртай байна. Цаашид тус дүүрэгт тохижилт, бүтээн байгуулалтын ажил үе шаттай эрчимтэй үргэлжилнэ. Тэр дундаа боловсролын салбарт бүтээн байгуулалтын ажлууд түлхүү хийгдэнэ” гэв.

Шинээр ашиглалтад орсон бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга байгууламжийн зохион байгуулалтын хувьд стандарт бүхий урлаг, спортын заалтай, хөгжлийн төв, номын сантай, гал тогоо, хувцасны өрөөг зэргийг ОУ-ын стандартаар тохижуулсан.

Нэг ээлжээр хичээллэж эхэлснээр сурагчид хичээлийн хоцрогдолгүй сургалтаа нөхөх бүрэн боломжтой төдийгүй дугуйлан, сонгон секцэд хамрагдаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой боллоо.

Багш, сурагч нартаа хичээл сурлагын өндөр амжилт хүсье.