Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

ЭКО ЭЕРЭГ МЭДЭЭ №4: Хан-Уул дүүрэгт олон улсын стандартад нийцсэн жишиг өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу Өлзийт хороололд шинэ өрхийн эрүүл мэндийн төв өнөөдөр /2023.02.09/ ашиглалтад орлоо. Өлзийт хороолол 6000 гаруй хүн амтай, 1900 орчим өрхтэй бөгөөд олон улсын стандарт бүхий жишиг өрхийн эрүүл мэндийн төвийн ашиглалтад орсноор Өлзийт хорооллын 6000 гаруй иргэд тав тухтай орчинд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг гэрийнхээ ойроос авах боломжтой боллоо.

Хоёр давхар жишиг төв нь хүүхдийн болон эмчийн үзлэгийн өрөө, дархлаажуулалт, шинжилгээ, сэргээн засах физик эмчилгээний болон зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, шүдний кабинет, чийрэгжүүлэлтийн өрөөтэй, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сувилагчийн өрөөг ажлын болон амралтын зориулалтаар тохижуулсан.

Алсын бүсийн жишиг өрхийн эрүүл мэндийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мягмар болон дүүрэг, хорооны холбогдох хүмүүс, өрхийн эмч сувилагч, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Алсын бүсэд үйл ажиллагаа явуулах “Энхамгалан-Өлзийт” өрхийн эрүүл мэндийн төв нь тус хорооны оршин суугч, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ, гэрийн эргэлт үзлэг болон яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх боломж бүрдлээ.

Хан-Уул дүүрэгт 2022-2023 онд нийт НАЙМАН хороонд /8/ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ тус тус ашиглалтад орно. Өнөөдөр энэ ажлын эхлэл болж 14 дүгээр хороонд шинэ өрхийн эрүүл мэндийн төв иргэддээ үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.