Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн XIV хорооны бүтээн байгуулалт, тохижилт 2021-2024

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

14 ДҮГЭЭР ХОРОО “ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ” -ТЭЙ БОЛЛОО  

Хан-Уул дүүргийн Өлзийт хороо буюу 14 дүгээр хороо 1950 өрх, 6100 хүн амтай, түр оршин суудаг 2000 орчим иргэдтэй. 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар жишиг Өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад орж, тус хорооны 6000 гаруй иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг гэрийнхээ ойроос авах боломжтой болсон.  Хоёр давхар өрхийн эмнэлэг нь орчин үеийн стандарт нийцсэн эмнэлгийн тохижилтоор баригдсан бөгөөд алслагдсан хорооны иргэдэд анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байна.

3Х3-ИЙН САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ БАЙГУУЛЛАА

14 дүгээр хороонд хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт тоглоомын талбай цөөхөн байсан. 2021 онд  нийслэлийн хөрөнгөөр тус хороонд 3х3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орж, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байна. Үүнээс гадна бага насны хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбайг шинээр тохижуулж, ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

АЮУЛГҮЙ АМАР ТАЙВАН ӨЛЗИЙТ ХОРООЛОЛ

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 14 дүгээр хорооны гэр хорооллын харанхуй орчинд нийт 196 ширхэг гэрэлтүүлэг, 16 камер суурилуулж, иргэдийн аюулгүй орчинд амар тайван амьдрах нөхцөлийг бий болголоо.

Өлзийт хорооны зуслан болон алсын гэр хороололын айл өрхүүд цахилгааны хүчдэлд холбогдоно 

Тус хорооны зуслангийн бүс буюу гэр хорооллын гэрэлгүй болон хүчдэлийн уналттай айл өрхүүдийн цахилгаан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд нийт 374 өрхийн цахилгааны хүчдэл сайжрууллаа. Энэ жил цахилгааны хүчдэл уналттай хэсгийг цахилгаанд холбохоор төлөвлөн ажиллаж байна.

14 ДҮГЭЭР ХОРООНЫ ГҮНИЙ ХУДГУУДЫГ ЦАХИМЖУУЛЛАА

Өлзийт хороололд нь мал аж ахуй, газар тариалан эрхлэгч иргэд дийлэнх хувийг эзэлдэг. Ялангуяа өрхийн орлогоо мал аж ахуй, газар тариалан эрхэлж, бүрдүүлдэг айл өрхүүдэд нэн хэрэгцээ шаардлагатай гүний худгийг үе шаттай байгуулж байна. 2022 онд дүүргийн хөрөнгөөр тус хороонд шинээр хоёр гүний худаг барьж, иргэддээ хүлээлгэн өгсөн бол таван гүний худагт ухаалаг төхөөрөмж суурилуулж, цахимжууллаа. Тухайлбал иргэд 24 цагийн турш үйлчлэх боломжтой бөгөөд цагийн хязгаарлалтгүй, гар дамжуулах шаардлагагүй цахим худгийн картаа цэнэглээд усаа авах боломжтой ухаалаг хэрэглээг нэвтрүүлсэн.

2.8 КМ УРТ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТОЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

14 дүгээр хороо МТ-ийн шатахуун түгээх станцаас 165-р цэцэрлэг хүртэлх 2.8 км хатуу хучилттай автозамыг шинээр тавьж, нэмэлтээр явган хүний зам шинээр тавьж тохижууллаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2021-2024