Хан-Уул
Онцлох мэдээ

“Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” өглөөний уулзалтат Хан-Уул дүүргийн 500 гаруй төрийн албан хаагчид оролцлоо

“Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” өглөөний уулзалт Хан-Уул дүүрэгт өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхэллээ. Уулзалтаар дүүргийн төрийн алба хаагчдад төрийн үйлчилгээг ил тод нээлттэй хүргэх, төрийн мэдээллийг шилэн болгосноор төрд тавих иргэдийн хяналт нэмэгдэх талаар авч буй арга хэмжээний талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар илтгэл тавьж арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.АЛДАРЖАВХЛАН:

-Төрийн байгууллагуудын буруу тогтолцоо “ЦАХИМ ШИЛЖИЛТ”-ийн үр дүнд ХАЛАГДАНА. Цахим шилжилтийг хэдий чинээ сайн хийнэ төдий чинээ ХҮНД СУРТАЛ багасна. “Төрийн албыг танил талаас ангид, хүнд сурталгүй болгох хэрэгтэй. Төрд ажилладаг хэн нэгнийг гуйхгүйгээр газрын асуудлаа шийддэг, танил тал гэхгүйгээр аль ч эмнэлэгт хэвтээд үйлчилгээгээ авчихдаг хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бид хүсдэг.

-Үүнийг бид гагцхүү ЦАХИМ ШИЛЖИЛТ-ийн ачаар хийж чадна. Жишээ нь дүүргийн Засаг даргатай уулзахаар ирсэн иргэдийн дийлэнх нь газар хүсэж байна. Би газар хуваарилдаг, газар олгодог хүн биш. Надад ийм хүсэл ч байхгүй. Газрын холбогдолтой асуудалд нэр холбогдохыг ч хүсдэггүй. Чухам энэ асуудлыг шийдэх зорилгоор Хотын дарга, нийслэлийн удирдлагуудын зүгээс газрын харилцаатай холбоотой мэдээллийг нийтэд ил тод болгож, газрын бирж байгуулах санаачилга гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ санаачилга бодит ажил хэрэг болсон цагт иргэн А дүүргийн Засаг дарга эсвэл хэн нэг эрх мэдэлтнээс газар гуйх шаардлагагүй болно. Иргэний журмаараа, хууль журмынхаа хүрээд асуудлаа шийдүүлээд явна. Товчхондоо төрийн үйлчилгээ цахимд шилжих хэрээр ХҮНД СУРТАЛ багасна. Эмнэлэгт цагийн хуваариар үйлчилгээгээ авчихдаг, гэрээсээ улсын бүртгэлийн үйлчилгээ авчихдаг болно. Нэг даргын гарын үсэг авах гэж цаг наргүй хүлээж суудгаа болино.

Цахим шилжилтийг төрийн бүх шатанд, салбар бүрд хийх ёстой. Иймд Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид Та бүхнийг Шилэн төр-Цахим шилжилтийг хамгийн түрүүнд хүлээн авч, МАНЛАЙЛЖ ажиллахыг УРИАЛЖ байна”  хэмээлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН, ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ:

“Залуу төрийн албан хаагчид та бүхнийг ирээдүйд хардалт сэрдэлтгүй, тайвнаар ажлаа хийгээсэй гэж хүсэж байна. Төрийн ажил, үйлчилгээ технологид суурилсан, ил тод, шилэн болчихвол ямар ч өндөр албан тушаалтан жирийн албан хаагчийн ажилд нөлөөлж чадахгүй болно. Энэ боломжийг бүрдүүлэхээр “Шил” ажиллагааг эрчимжүүлж байгаа. “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжээд гурван сар болж байна. Энэ хүрээнд иргэдэд хаалттай байсан мэдээллийг ил болгож, төрийн хүнд суртлыг бууруулахаар салбарын яам ажиллаж байна. Мөн Засгийн газраас авлигын эсрэг хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны Шилэн ажиллагааг салбарын яам хариуцан ажиллаж байгаа” зэрэг бусад мэдээллийг өглөө.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ж.САНДАГСҮРЭН:

“Улаанбаатар хотын, эсвэл аль нэг аймгийн, дүүргийн цахим шилжилт гэж тусдаа байж болохгүй. Нэгдсэн байдлаар цахим шилжилтийг хийж, нэг зүгт харж ажиллах хэрэгтэй. Улаанбаатар хотын зүгээс ч энэ ажилд идэвхтэй оролцож байгаа. Тухайлбал, цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар хийх боломжийг бүрдүүлсэн. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын өргөдөл гомдол, албан бичгийг цахимаар шийдэх ERP систем, тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн Smart car систем, хэсгийн ахлагч нарын ажлыг хөнгөвчлөх Digital city систем, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг цахимаар илгээх Онлайн бизнес төв систем, өрхийн эмнэлгийн цаг захиалах систем зэргийг цахим шилжилтийн хүрээнд хөгжүүлэн ажиллаж байна” гэлээ.

“Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” цуврал уулзалтад Хан-Уул дүүргийн 500 гаруй төрийн албан хаагчид оролцож, цахим шилжилтийн талаар нээлттэй санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө.