Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн алдарт эхчүүд чууллаа

/2023.05.16/ Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн эсрэг ээж нарын дуу хоолойг өргөх, тэдний нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Бүх хайраа гэр бүлдээ” алдарт эхчүүдийн чуулга уулзалт зохион байгуулагдлаа. “Бүх хайраа гэр бүлдээ” алдарт эхчүүдийн чуулга уулзалтад дүүргийн 25 хорооны алдарт эхчүүдийн төлөөлөл болох 1000 гаруй ээжүүд оролцож дуу хоолойгоо нэгтгэлээ.

Алдарт эхчүүдийн чуулга уулзалтад НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, хороодын Засаг дарга оролцлоо.

Чуулганаар гэр бүлийн орчинд үйлдэгдэж байгаа хүүхдийн эсрэг бүхий л төрлийн хүчирхийллийг таслан зогсооход ээж нарын оролцоог нэмэгдүүлж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ээжүүдийг нэгдэхийг уриалж, алдарт эхчүүдийн төлөөллүүдийг шагнаж урамшуулав.

Тодруулбал эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, нийгэмд үлгэрлэн манлайлсан “Хүмүүнлэг ээж”-ээр 9 дүгээр хорооны Д.Гүнсэгмаа, 10 дугаар хорооны Д.Алтанцэцэг, 13 дугаар хорооны С.Ариунжаргал, 12 хорооны Ж.Алтанцэцэг, 16 хорооны Т.Уранчимэг, 21 хорооны Л.Норолхоосүрэн, 25 хорооны Ө.Сайнхүү, 14 хорооны П.Намжилмаа нарыг хүмүүнлэг ээжээр өргөмжилж, хүндэтгэл үзүүллээ.

Мөн дүүргийн хэмжээнд гэр бүлийн үнэ цэнэ, бусдыгаа манлайлж, үлгэрлэсэн “Онцлох” гэр бүлийг шалгаруулж, урамшууллаа. Үүнд:

“Оюунлаг гэр бүл”-ээр Нямын Даваахүү, “Спортлог гэр бүл”-ээр Хашбаатарын Цагаанбаатар, Шагдарын Бямбатогтох, Жамбаагын Загас, Аажим Мөнхбатын гэр бүл шалгарсан бол “Оюунлаг гэр бүл”-ээр Пужуугийн Дашзэвэг, Гончигсумлаагийн Ганзориг, Батжаргалын Буянзаяагийн гэр бүл тус тус өргөмжлөгдлөө.

Түүнчлэн гэр бүлийн өдрийг угтан зохион байгуулсан “Хайр бүхний эхлэл” ил захидлын уралдаанд 1-р байр Бямбагын Тогоонцэрэн, 2-р байр Бямбажавын Базаррагчаа, 3-р байр Сагарын Энхцэцэг нарын ил захидлаараа шалгарсан бол “Миний гэр бүл” гар зургийн уралдаанд 52-р сургуулийн 9б ангийн сурагч Пүрэвдоржийн Энхүүжин, 75-р сургуулийн 4д ангийн сурагч Даваадоржийн Мөнх-Эгшиглэн, Богд вилла салбар 12-р цэцэрлэгийн Лхагвын Мөнхтулга нар шалгарч шагналаа гардан авлаа

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ныг Олон улсын гэр бүлийн өдөр болгон тэмдэглэх болсон. Манай улс 2003 оноос Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Гэр бүлийн өдрийг тэмдэглэж эхэлсэн байна.