Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит “Хүүхдийн урлагийн Их наадам” -ын шилдгүүд тодорлоо

Хан-Уул дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт суралцаж буй хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, соёл урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох, харилцан суралцах, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит “Хүүхдийн урлагийн Их наадам” -ыг 2023 оны тавдугаар сарын 15, 20, 21-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

Хүүхдийн урлагийн их наадамд дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 34 цэцэрлэгийн 374 хүүхэд, ерөнхий боловсролын 27 сургуулийн 638 сурагч, нийт 1000 гаруй хүүхдүүд оролцож, урлагийн 3-4 төрөлд авьяас чадвараа сорин өрсөлдлөө.

Хүүхдийн урлагийн Их наадмын цэцэрлэгийн насны ангиллын “Шилдэг багш”-аар “Үнсгэлжин ба 7 одой” цэцэрлэгийн багш В.Ухаанбилэг, “Шилдэг цэцэрлэг”-ээр 73 дугаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн “Шилдэг багш”-аар 18 дугаар сургуулийн багш О.Дорждэрэм, “Шилдэг сургууль”-аар 18 дугаар сургууль тус тус шалгарч, шагнагдлаа.