Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлнэ

 

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нар хот нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжүүлэн хуваарилах асуудлаар есөн дүүргийн удирдлагуудтай уулзлаа.

УБЗАА нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийн арчилгаа, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн засвар, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх харилцааг зохицуулдаг. Эдгээрээс есөн чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлэхээр боллоо. Тодруулбал,

  1. Ногоон байгууламжийн арчилгаа
  2. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт
  3. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт /сандал, хогийн сав, хөшөө, дурсгал, усан оргилуур, нийтийн бие засах газар/
  4. Гадна зар сурталчилгаа
  5. Нийтийн эзэмшлийн талбай /тоглоомын талбай, спорт талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн/
  6. Нохой муур устгалын үйл ажиллагаа
  7. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ
  8. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх
  9. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эрхийг дүүргүүдэд шилжүүлэх юм.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын хувьд төвийн зургаан дүүргийн гол 97 гудамж, алслагдсан зам талбайн 143.9 км зам буюу 2,483,229 ам метр талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Эдгээрийг төвийн зургаан дүүрэгт шилжүүлэх бөгөөд Баянгол дүүрэгт 12 км, Чингэлтэй дүүрэгт 7.5 км, Баянзүрх дүүрэгт 41.6 км, Сонгинохайрхан дүүрэгт 14.2 км, Хан-Уул дүүрэгт 42.2 км, Сүхбаатар дүүрэгт 25.6 км замын цэвэрлэгээг хариуцуулахаар төлөвлөжээ. Харин Хот тохижилтын газрын хувьд төвлөрсөн гурван хогийн цэг болон Алтан-Өлгий дэх оршуулгын газрын үйл ажиллагаа, Сүхбаатарын талбай зэрэг хотын томоохон гол гудамж, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг үргэлжлүүлэн хариуцах юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Бүтэц, албан тушаалын тодорхойлолтод анхаарах шаардлагатай байна. Дүүргийн Засаг дарга, орлогч нар өөрсдөө хот, нийтийн аж ахуйн ажлаа хариуцах уу, эсвэл бие даасан менежерийн албан тушаал гаргах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Ер нь бие даасан, хот, нийтийн аж ахуйн ажлыг хариуцах менежерийг томилж, УБЗАА-тай уялдан ажиллавал тохиромжтой гэж үзэж байна. Цэвэрлэгээний давтамжийг нэмж, тарифыг өсгөнө. Ингэснээр аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмжөө сайжруулж, тохижилт, үйлчилгээний ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Дүүргүүд хувийн хэвшлүүдтэй гэрээ байгуулахдаа энэ талаар тодорхой тусгаж, гэрээний хугацааг 3-5 жилээр тогтоох ёстой. Нэг жилийн гэрээтэй компани хөрөнгө оруулалт хийж, хүний нөөцөө ч тогтоож чадахгүй гэдгийг анхаараарай. Мөн ирэх жилийн төсвөөс камержуулалтыг сайжруулна. Камерын хяналтын тусламжтайгаар цэвэрлэгээ, үйлчилгээ нь дутуу орхигдож буй байршил, халтиргаа гулгаатай зам талбайг тогтоон, мэдээлэл солилцох боломж үүснэ гэв.