Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

ХУД-ИЙН Нэгдсэн эмнэлэг ГССҮТ-тэй хамтарч иргэдэд үзүүлэх гэмтэл согогийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахаар боллоо.

Тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж буй гэмтэл согогийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр сургаж чадавхижуулах, хамтарсан үзлэг оношлогоог зохион байгуулах зэргээр үе шаттай ажлуудыг хийх талаар эмнэлгийн удирдлагууд ярилцаж тохиролцлоо.

Энэ хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн захирал Т.Энхзаяа болон удирдлагын баг, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл бүхий хамтарсан уулзалт зохион байгуулж, авч хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцсэн юм.

Мөн телемедицин (цахим зөвлөн туслах үйлчилгээ)-ээр дамжуулан тус эмнэлэгт буй гэмтлийн шалтгаантай болон биеийн байдал хүнд үйлчлүүлэгчдэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх, ГССҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарыг тодорхой хуваарийн дагуу ХУД-ийн нэгдсэн эмнэлэгт ажиллуулах, хамтарсан мэс засал эмчилгээ хийх, цаашлаад тус нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасгийг өргөжүүлэхэд харилцан хамтарч ажиллахаар болсон байна.

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн захиргаа