Хан-Уул дүүрэгт байрлах Маршалын гүүрэн дээрх “Хаан хаалга”-ыг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын баярын өдрөөр буюу 2017 онд сүндэрлүүлсэн билээ. Уг хаалганы өргөн нь 19 метр, өндөр нь 13.5 метр. Үндэсний соёл, зан заншлын нэгээхэн хэсгийг тусгасан “Хаан хаалга”-ны загварыг МУЭ-ийн шагналт зураач Д.Баттөмөр, С.Дагвадорж, төмөр урлалын мастер Ж.Төмөрбагана нарын уран гартнууд урлажээ. Хаалганы тотгон дээр оройн дээд шүтээн, тусгаар тогтнолын билэг тэмдэг болсон төрийн соёмбыг бадамлянхуа цэцгэн дээр залсан. Түүний эргэн тойронд Монголын үе үеийн хаадуудын ураг, овгийн тамгыг морин дээр байрлуулснаар хаалгыг улам сүрлэг харагдуулдаг. Улмаар XII-XIII зууны үеийн үхрийн эвэр, угалзан хээгээр чимэглэж уламжлалт өнгө төрхийг шингээсэн нь хүмүүсийн сонирхлыг татах өвөрмөц байгууламж болж чадсан юм.