Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЯАРМАГ САЛБАРЫН PCR ШИНЖИЛГЭЭНИЙ ШИНЭ ЛАБОРАТОРИ ТУН УДАХГҮЙ ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ

Цар тахлын үед ЭМЯ-наас эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх, дүүргүүд болон аймгуудад PCR шинжилгээний лабораторийг шинээр нэмж байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх, бүх талын мэргэжил арга зүйгээр хангах ажлуудыг хийж байгаа.

Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яармаг салбарын  PCR шинжилгээний шинэ лабораторийн үйл ажиллагааг нээх бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.

Хан-Уул дүүргийн Онцгой комиссын дарга  Ж.Алдаржавхлан  дүүргийн Онцгой комиссын гишүүдийн хамтаар Яармаг салбарын PCR шинжилгээний шинэ лаборатори төвийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний бэлэн байдал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, эмч, ажилтнуудын аюулгүй байдлыг  хэрхэн хангаж  байгаа зэрэг нөхцөл байдалд хяналт тавин ажиллав.

Энэ үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хан-Уул дүүргийн Яармаг салбарт PCR шинжилгээний шинэ лаборатори ашиглалтад орсноор дүүргийн иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, “Ковид-19” халдвар бус томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг хийх бүрэн боломжтой болж байна.

Эрүүл мэндийн яамнаас  лабораторийн шинэ тоног төхөөрөмжийг суурилуулж, дүүргийн Онцгой комиссоос  өрөө, тасалгааны засвар, шинэчлэл болон бусад шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байрыг бэлэн болгож өглөө. Ингэснээр сэжигтэй тохиолдлыг цаг алдалгүй шинжилгээнд хамруулж, шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх боломж бүрдэж байна” гэлээ.   

Тус молекул биологийн  лаборатори нь өдөртөө 300-800 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай учраас иргэдэд шуурхай шинжилгээ хийнэ ХӨСҮТ-ийн ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулж байгаа юм.