Хан-Уул
Мэдээлэл

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙД ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БУЙ ИРГЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС БОЛЖ ХООЛНЫ ХОРДЛОГО ХОРДЛОГОТ ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРАХ НӨХЦӨЛ БҮРДЖЭЭ

Нийслэлийн Засаг дарга, НМХГ-ын даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагаас Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох улсын ахлах байцаагчид 10 болон 14 дүгээр хорооны зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд адууны чанасан мах, айраг худалдаж, хуушуур хайрах үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.

Хяналт шалгалтаар дээрх иргэд нь зөөврийн усан хангамжтай, ус нөөцлөх савыг угааж халдваргүйжүүлдэггүй, ажилчид ажлын хувцас хэрэгсэл өмсөөгүй, гарын хумс ургуулсан, ээмэг бөгж зүүсэн,  ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, 3 дамжлагагаар аяга таваг угаах нөхцөл бүрдээгүй, ажилчдын гар угаах болон бие засах нөхцлөөр хангагдаагүй, хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн зохистой дадал хэрэгжих боломжгүй, хийн баллоныг хананд бэхэлж суурилуулаагүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлгүй, хөргөх хөлдөөх төхөөрөмжөөр хангагдаагүй, хүнсний аюулгүй байдал алдагдаж болзошгүй нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнийг хадгалсан, хуушуур чанадаг тос өтгөрсөн, хүнсний бүтээгдэхүүний дагалдах баримт бичиггүй, хоол үйлдвэрлэл явуулж буй гэр, контейнерийн угаалга, цэвэрлэгээ, хангалтгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн байна.

Дээрх зөрчил дутагдлаас үүдэн хоол хүнсээр дамжих халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарах нөхцөл бүрдсэн байгаа тул зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд зохих зөвшөөрөлгүй хуушуур хайрах үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоож албадан нүүлгэх арга хэмжээ авч хамтран ажиллах талаар Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Газрын алба, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс Хороодын Засаг дарга нарт албан бичиг хүргүүлж ажиллаад байна.