Эх орныхоо гэрэлт ирээдүй, эрдмийн эзэд болсон хүүхэд багачууд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид болон ахмад багш, боловсролын салбарын нийт ажилтан албан хаагчид та бүхэндээ 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлье.
2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 29 цэцэрлэг , төрийн бус өмчийн 87 цэцэрлэгт нийтдээ 14990 гаруй хүүхэд, төрийн өмчийн 18 сургууль , төрийн бус өмчийн 14 сургуульд 26941 сурагч, үүнээс 1 дүгээр ангид шинээр 3639 сурагч элсэн суралцаж, 1751 багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна.
Энэ хичээлийн жилд Буянт-Ухаа-2 хорооололд 250 ортой цэцэрлэг шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж, 46 дугаар цэцэрлэгийн 240 ортой барилга, 144 дүгээр цэцэрлэгийн 100 ортой өртгөтгөлийн барилга баригдснаар сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 85,0 хувьд хүрч байна.
Мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн боловсролын хүртээмж, үйлчилгээг сайжруулж үр дүнтэй шинэ хичээлийн жилээ Хан-Уулын хүүхэд, багачууд маань баяртай угтаж байна.
Дүүргийнхээ боловсролын салбарын цэцэглэлт, хөгжилтөд үнэтэй хувь нэмэр оруулан идэвх санаачлагатай илүү ихээр хөдөлмөрлөж буй Хан-Уул дүүргийн оюунлаг, бүтээлч багш нартаа, авьяаслаг чадварлаг сурагчдадаа, дэмжиж тусалдаг эцэг эхчүүддээ, ажилсаг ажилтан ажилчдадаа, төрийн ба төрийн бус байгууллагуудын хамт олон та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье.
Хан-Уул дүүргийн маань хүүхэд багачууд маань эрүүл саруул, хөгжил баясалтай, сурч мэдэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн, багш нар маань сэтгэл өөдрөг, амжилт бүтээл арвинтай байхыг ерөөе.