Хан-Уул дүүргийн хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн Хан-Уул дүүргийн үе үеийн ахмад ажилтнуудаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын дарга Б.Энхболд хэлсэн үгэндээ “Ахмад ажилтнуудад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, ахмадууддаа Засаг даргын Тамгын газрын зүгээс олон сайхан ажлууд хийж төлөвлөөд явж байгаа.
Зарим зүйлээс нь дурдвал дүүрэгт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг томоохон аж ахуйн нэгж байгууллагыг дүүргийнхээ ахмад буурлууддаа оочир дугааргүй түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх мөн дүүрэгт байрлах улсын болон хувийн эмнэлэгүүдэд ахмадуудаа хамруулан жилд нэг удаа үнэгүй оношлогоонд хамруулах зэрэг олон зүйл төлөвлөөд явж байна хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.
Мөн НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн 14 дүгээр хорооны ахмадуудын хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
“Та бүхэн маань залуу нас, халуун сэтгэлээ зориулж явсны үр дүнд Хан-Уул дүүрэг маань өдрөөс өдөрт өнгө нэмэн, урагшлан хөгжиж байна. Тиймээс ч бид дан ганц энэ өдөр гэлтгүй ахмад настнуудаа өдөр бүр баярлуулж явах хэрэгтэй юм. Та бүхний ахуй амьдралыг дээшлүүлэх, сэтгэл санааг өөдрөг сайхан байлгахад чиглэсэн олон ажлыг өнөөгийн төр, засгаас хийж хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд дүүрэг орон нутгийнхаа хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс албад цаг ямагт хичээн ажиллаж байгаа гэдэгт та бүхэн итгэлтэй байж болно. Та бүхэндээ Ахмадын баярын халуун мэндийг хүргээд, урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.
14 дүгээр хороонд зохион байгуулагдсан Ахмадын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын Зөвлөх Ч.Бат-Оргил, дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга Н.Наранцацрал , дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам нар оролцлоо.