Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эко дүүрэг – Ногоон хөгжил” зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, ХААИС-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт НИТХ-ийн Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга нар гарын үсэг зурлаа.
Үйл ажиллагааг нээж НИТХ-ийн Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэлсэн үгэндээ “Хан-Уул дүүрэг маань эко дүүрэг болох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтынхоо хүрээнд дүүргийн томоохон аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран дүүргийнхээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараалалтай хийгээд явж байна. Өнөөдөр ХААИС-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсанаар Хан-Уул дүүрэгт ногоон байгууламж нэмэгдэж цаашлаад ногоон цэцэрлэгт хүрээлэнтэй болох зорилготой байгаа. Үүнээс гадна эко дүүрэг болоход нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагын дэмжлэг туслалцаа, зөвлөгөө чухал. Иймд ХААИС-ийн хамт олон туршлагаасаа хуваалцаж бидний ажлыг дэмжин хамтран ажиллаж байгаад баяртай байна” хэмээлээ.
Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсанаар дүүргийн нутаг дэвсгэрт жишиг хөдөө, аж ахуйн бүс нутгийг бий болгох, мод тарих, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, тоосжилтийг бууруулах зорилгоор зүлэгжүүлэх, хортон ургамлыг устгах, эко зурвас бий болгох зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах тусгасан.
Үүнд:
1. Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тохижилт, зүлэгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх.
2. Дүүргийн иргэдийг аж ахуй эрхлэх ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил дээшлүүлэх, төрөл бүрийн мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулах.
3. Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллах сурагчид болон иргэд суралцахад хөнгөлөлт эдлүүлэх.
4. Туул гол, дунд голын дагуу Эко зурвас байгуулах, ойжуулах, мод тарих, зүлэгжүүлэх ногоон орчныг бий болгох зэрэг үйл ажиллагаан дээр хамтран ажиллаж бодитой үр дүнд хүрэх юм.
Үйл ажиллагаанд НИТХ-ийн Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил,дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа , ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, ХААИС-ийн эдийн засаг хариуцсан захирал Ж.Батчулуун, ХААИС-ийн тэнхимийн эрхлэгч, С.Сайнбаяр, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо болон бусад холбогдох хүмүүс оролцлоо.
Энэ үеэр иргэдийн ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоо нэмэгдүүлэх зорилготой “Газар – амьдралын үндэс” үзэсгэлэнг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, ХААИС хамтран дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд дүүргийн 8 иргэнд газар өмчлөх эрхийн бичгийг нь хүлээлгэн өгсөн юм.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн Төрийн өмчийн 18 сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Эко дүүрэг” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарласан бөгөөд тэмцээний ялагч 5 сурагч ХААИС-д суралцах эрхийн бичгээ мөн гардан авсан баяртай үйл явдал болж өнгөрлөө.