Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт Монгол Америкийн хамтарсан “Монголиан Артизан Чийзмэйкерс Юнион”ХХК-ний хөрөнгө оруулалтаар бяслаг, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулагдахаар боллоо. Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв энэхүү бүтээн байгуулалтын ажилд хамтран оролцож, талууд албан ёсны гэрээг /2017.11.08/ өдөр үзэглэж ЖДҮДТөвийн дарга Н.Дорждулам, “Монголиан Артизан Чийзмэйкерс Юнион”ХХК-ний Гүйцэтгэх захирал Майкл Морроу нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Ёслолын ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн дарга Н.Дорждулам, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женнифер Зимдхал Галт, АНУ-ын ЭСЯ-ны Эдийн засгийн ахлах мэргэжилтэн Жон Мак Даниел, “Монголиан Артизан Чийзмэйкерс Юнион” ХХК-ний Гүйцэтгэх захирал Майкл Морроу, MACU ХХК-ний Үйл ажиллагааны менежер Янзи Морроу болон бусад төлөөлөгч нар оролцсон юм.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женнифер Зимдхал Галтын зүгээс “Бид Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй иргэдийнхээ санал санаачлагыг ямагт дэмждэг. Та бүхний хамтын ажиллагаанд Монголд хамгийн элбэг байдаг сүүг боловсруулан олон нэр төлрийн бүтээгдэхүүн, тэр дундаа бяслаг үйлдвэрлэх ажлыг эхлүүлж байгаа нь онцгой тохиолдол юм. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын гаргасан “Эко дүүрэг” урианд нийцэж байгаа тул бид эко бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон эко орчинг бий болгох ажлыг тууштай дэмжих нь зөв юм. Иймд цаашдын хамтын ажиллагаанд нь амжилт хүсье” хэмээн хэллээ.
Харин ЖДҮДТөвийн дарга Н.Дорждуламын зүгээс “Энэхүү үйлдвэр байгуулагдсанаар зөвхөн бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэхээс гадна ажлын байр нэмэгдэж, манай дүүргийн алслагдсан хороод болох 12, 13, 14-р хорооны сүүний чиглэлийн мал аж ахуй эрхэлдэг, фермерүүдтэй айл өрхүүд сүүгээ шинэ үйлдвэрт өгсөнөөр тэдний орлого нэмэгдэх баталгаат эх үүсвэр болно. Мөн сүүний кластерийн төсөлд давхар хамрагдан ханган нийлүүлэгч болох томоохон боломж нээгдэж байна” гэдгийг онцолсон юм.
Монгол түмний үндэсний бүтээгдэхүүний нэг болох бяслагийг бид зөвхөн ганцхан төрлийг гар аргаар гаргаж хэрэглэж ирсэн. Гэтэл Европын улс оронд өргөн хэрэглэдэг бусад нэр төрлөөр ийнхүү эх орондоо үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой дээрх үйлдвэр нь бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлээд зогсохгүй сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг өргөжүүлэх юм. Өөрөөр хэлбэл 2016 онд батлагдсан “Сүүн бүтээгдэхүүний Хан-Уул Кластер” төсөл дээрх хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих бүрэн боломжтой болж байна.
Үйлдвэр 2018 оны 2 дугаар сард ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн бөгөөд бүтээн байгуулалтын ажил эхлэл шатандаа явагдаж байгааг гүйцэтгэгч талаас мэдээллээ.
Ийнхүү Монгол улсад Монгол малын сүүгээр хийсэн олон нэр төрлийн бяслаг үйлдвэрлэхээр болж байна.