Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 150 ГАРУЙ ӨРХ ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ БОЛЛОО

Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой гурван сарын аяныг 9 дүгээр сараас эхлүүлээд буй. Аяны хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлж, газар өмчлөх эрхийг нь газар дээр өгч байгаа ажил Хан-Уул дүүрэгт үргэлжилж байна.

Нийслэлийн газрын албаны ажлын хэсгийнхэн иргэдийн газар эзэмших гэрчилгээний хугацаа нь дууссан бол сунгах хүсэлтийг нь дүүрэгт өгч, тэндээс газрыг нь өмчлүүлэх гэрчилгээ болгон эргүүлэн олгох ажлыг хийж байгаа. Иргэдийн хувьд Газрын тухай хууль болон газар өмчлөлийн талаарх мэдлэг муу байгаас үүдэн газрын талаарх олон асуудал гардаг байна.

Өмнө нь “Гэр бүлийн хэрэгцээний газар” гэдэг ойлголт байсан бол 2008 оноос  “Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй” гэсэн хуулийн заалттай болсон. Тиймээс газар өмчлөлтэй холбоотой уг асуудлыг шийдвэрлэхдээ эхлээд хамтран өмчлөгчийг хасуулаад хасагдсан хүмүүсийн газар өмчлөх эрхийг нээж өгч байгаа юм. Мөн гадаад явсан хүмүүс маш их байгаа нь аяны ажилд  нэлээдгүй саад учираад байгаа аж.

Түүнчлэн газар эзэмшлийн гэрчилгээгээ хаячихсан, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгаагүй, газраа худалдаж авахдаа нотариатаар баталгаажуулаагүй зөрчилүүд их илэрч байна. Гэтэл нөгөө газар зарсан хүнээ олохоо больчихсон. Газрын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газарт очоод Газрын гэрчилгээгээ авах гэхээр нотиратаар баталгаажуулсан гэрээгүй тул зарсан хүнээ олохоос өөр ямар ч боломжгүй нөхцөлд орсон иргэд ч мөн байна.

Хан-Уул дүүргийн 6, 7, 8 дугаар хороодод очиж газрын албаны мэргэжилтнүүд болон иргэдийн төлөөлөл болсон хүмүүс товч тодруулга өглөө.

Г.Сарангэрэл: 2015 онд өргөдөл өгчихөөд Өмчлөх эрх болгож амжихгүй явсан

/Хан-Уул дүүргийн VI дугаар хорооны оршин суугч/

Иргэдэд оршин суугаа газраа өмчлөх боломжийг олгож хороон дээр ирж ажиллаж байгаа Нийслэлийн газрын албаныханд талархаж байна. 2015 онд өргөдөл өгчихөөд Өмчлөх эрх болгох гээд ажил амжихгүй явсан юм. Манайх хашаагаа хоёр хуваагаад Өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Шаардлагатай мэдээллээ авчихлаа. Одоо дараагийн шатанд хаашаа хандахаа сайн мэдэж авлаа.

н.Оюунсүрэн: Өмчлөх эрхийн бичгээ амьдралдаа ашиглах боломж бүрдлээ

/Хан-Уул дүүргийн VII дугаар хорооны оршин суугч/

Манай хорооны 25 өрх Газар өмчлөх эрхийн бичгээ авч чадахгүй өнөөдрийг хүрсэн. Энд оршин сууж байгаа иргэд 1960 оноос хойш амьдарч байгаа. Өмчлөлийн хууль батлагдсаны  дараа “Газраа өмчилж авья” гэтэл “Өмчлөх эрхийн бичиг олгогдохгүй” гэсэн. Яагаад, ямар үндэслэлээр олгогдохгүй байгааг нь судалвал бидний газрын дээгүүр өндөр хүчдэлийн шугам явсан гээд өнөөдрийг хүрсэн.

Газар өмчлөх хууль гарсанаас хойш газраа өмчилж авах гэж их хөөцөлдсөн. Одоо манай хорооны Засаг дарга хийж байгаа н.Мөнх-Амгалан гэдэг залуу энэ асуудалд анхаарал хандуулж өгсөн. Энэ дагуу хөөцөлдөөд Өмчлөх эрхийн бичигтэй болоход тусалсанд баяртай байна. Өнөөдөр иргэдийн амьдрал сайнгүй байна. Амьдрал ахуйдаа ашиглах боломж бүрдлээ. Хан-Уул дүүргийн Газрын албаныханд болон Засаг даргадаа баярлалаа.

Г.Одончимэг: 17 жилийн дараа хашааны газраа өөрийн өмч болголоо

/Хан-уул дүүргийн VIII дугаар хорооны оршин суугч/

Манай гэр бүлийн хүн Лувсанваанжил өмнө нь газар өмчилж байгаагүй. 2000 оноос хойш энд амьдарч, газраа зөвхөн эзэмших эрхтэй байсан. Гол нь хашааны маань урдуур цахилгааны шугам явсан учраас Өмчлөх эрхийн бичиг өгөхгүй байсан. Ноднингоос эхлэн Өмчлөх эрхийн асуудал яригдсаар өнөөдөр бүтэж байгаад баяртай байна. Газрын албандаа татвараа төлөөд 3 жилийн гэрээ, 5 жилийн гэрээ байгуулаад явж байсан. Одоо Өмчлөх аяны хүрээнд 17 жилийн дараа хашааны газраа өөрийн өмч болгон авч байгаадаа баяртай байна.

М.Тэгшжаргал: Өмчлөх эрхийн бичигтэй болсноор өмчийн эзэн болно

/Хан-Уул дүүргийн газрын албаны өмчлөлийн мэргэжилтэн/

-Аяны хүрээнд хийгдэж байгаа ажлаа дүгнээд хэлвэл?

-Нийслэлийн газрын албанаас гэр бүлийн хэрэгцээний газраа эзэмшиж байгаа айл өрхүүдийн газрыг өмчлөх, туслан дэмжлэг үзүүлэх, зөвөлгөө өгөх аян маань 3 сарын хугацаатай  үргэлжилж байгаа. Хан-Уул дүүргийн хувьд 6, 7, 8 дугаар хороонд энэ ажил маань амжилттай үргэлжилж байна. Энэ 3 хорооны оршин суугчид маань 1960 оноос хойш амьдарч эхэлсэн байдаг.

Иргэд маань өөрсдөө хууль эрх зүйн мэдлэггүйгээс, мөн бичиг баримтаа хөөцөлдөх завгүй байдгаас өнөөдрйин байдлаар энэ 3 хорооноос 150 гаруй нэгж талбар буюу гэр бүлийн зориулалттай хашааны газраа өмчилж аваагүй байдалтай байгаа судалгаа байдаг. Бидний ажлын хүрээнд одоогийн байдлаар 60 гаруй айлын газар өмчлөх хүсэлтийн материалыг нь хүлээж аваад үлдсэн 80 гаруй нэгж талбар буюу хашаа маань ямар нэгэн хууль эрх зүйн болон ямар нэгэн шалтгааны улмаас энд хамрагдаж чадаагүй байна.

Энэ шалтгаануудаас дурьдвал эзэмших эрх ямар нэгэн байдлаар бусдад шилжих шаардлагатай эсвэл нас барсан байдаг. Бусаддаа шилжүүлчихээд албан ёсны гэрээгээ хийсэн болон хийгээгүй, гэрээ хийгдсэн хүсэлтээ тухайн дүүргийн газрын албандаа гаргаагүй, онцгой байдал болон үер усны гамшигийн үед тухайн газар өртдөг зэргээс шалтгаалж,  өмчлөх буюу уг газар тухайн иргэний өмч болох боломжгүй асуудлууд гарч байна.

Түүнчлэн иргэдэд байгаа кадастрын зураг нь бодит хашаатайгаа зөрүүтэй байна. Яагаад зөрүү үүсч байна гэхээр иргэд маань өөрийнхөө хажууд байгаа 1-2 метр газарт хашаагаа зөвшөөрөлгүй сунгасан нь өмчлөх хүсэлт гаргах үед илэрч гарч ирж байна. Энэ зөрчлийг арилгах арга хэмжээнээс болоод зарим өргөдлүүд маань тэр даруй шийдэгдэх боломжгүй байгаа. Энэ зөрчлийг арилгасан тохиолдолд тухайн иргэний хүсэлтийг авч шийдвэрлэж байна. Иргэдэд энэ талын хууль эрх зүйн зөвөлгөө өгөхөд иргэд нааштай, таатай хүлээн авч байна.

-Эзэмших эрхийн гэрчилгээг Өмчлөх эрхийн гэрчилгээ болгохын гол давуу тал нь юу юм бэ?

-Эзэмших эрх гэдэг бол Газрын тухай хуулинд 15-40 жилийн хугацаатай тухайн иргэн тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах, эзэмших эрхтэй байна. Газар улсын өмч хэвээрээ байна. Зөвхөн тодорхой хугацаанд амьдрах эрхтэй байдаг. Иргэд маань энэ эзэмших эрхийн гэрчилгээгээ бариад банкинд очих эсвэл бусдад шилжүүлэх тохиолдолд энэ эрх бүрэн хангагдаагүй. Учир нь өөрийнх нь өмч биш юм.

Тэгвэл Өмчлөх хүсэлтээ гаргаад өмчилж авна гэдэг маань тухайн иргэний  өөрийн өмч болж хувирна. Ингэснээрээ тухайн иргэн өөрийн өмчийн газраа барьцаанд тавих, бусдад бэлэглэх, худалдах, өвлүүлэх, арилжаалах солих энэ бүх эрх нь нээгдэж байгаа юм.

Тухайн иргэн Эзэмших эрхээ шилжүүлэх тохиодолд Дүүргийн засаг даргад хүсэлт гаргаад Захирамж гарсны дараа тухайн  иргэний захирамж хүчингүй болоод шинэ иргэн дээр шинээр Эзэмших эрхийн бичгийн захирамж гарсны дараа энэ эрх хангагддаг.

Тэгвэл тухайн иргэн газраа Өмчлөх эрхийн гэрчилгээтэй болсноор тухайн иргэн заавал дүүргийн Засаг даргад хүсэлт гаргах шаардлагагүй. Харин Дүүрэг болон Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт хүсэлтээ гаргаад холбогдох нотариатын газарт тухайн эрхээ баталгаажуулсан тохиолдолд ямар ч саадгүйгээр шийдчих боломжтой болдогоороо ялгаатай. Тухайн иргэн өмчийн эзэн болж байна гэсэн үг юм” хэмээлээ.

Ийн Хан-Уул дүүргийн 150 гаруй өрх газар өмчлөх эрхийн гэрчилгээ албан ёсоор өөрийн болгоод байна. Тус аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлж буйд иргэд талархаж буйгаа дахин илэрхийллээ.