Үндэсний Статистикийн хорооноос зохион байгуулсан “Тогтвортой хөгжил-Статистик” үндэсний анхдугаар чуулган 2017 оны 13, 14-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Уг чуулганаар Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дүгнэж, чиг хандлагыг тодорхойлоход статистикийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийн чанарыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж, анхдагч мэдээллийн сангуудыг харилцан ашиглах бололцоог бүрдүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үнэн бодит мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх хүрээнд хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замаа тодорхойлох зорилготой юм.
Чуулганд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Беате Транкман, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа оролцож Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаар илтгэл тавьж, 3 сэдвийн хүрээнд салбар хуралдаан хуралдаж, хэлэлцүүлэг явагдсан.Чуулганд 700 орчим статистикийн ажилтан, албан хаагч, яам, агентлаг, нийслэл, аймаг, дүүргийн тамгын газрын ажилтан, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн болоод гадна дотнын хамтарч ажилладаг байгууллагын төлөөллүүд оролцож нэгдсэн уриалга гаргалаа.
Хан-Уул дүүргээс тус чуулганд Статистикийн хэлтсийн нийт ажилтан, албан хаагчид, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, 7-р хорооны Засаг дарга, АПУ ХХК, “Номин Холдинг” ХХК-ийн Номин Юнайтед худалдааны төв, Хурд групп ХХК, Таван богд групп ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгч нар оролцлоо.