Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай амьдрал” зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын үйл ажиллагааны захирал Дорана Хавиер нар гарын үсэг зурлаа.
Санамж бичиг зурах ёслолын ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, 4 дүгээр хорооны Засаг дарга О.Ганхуяг, 6 дугаар хорооны Засаг дарга А.Сүххишиг, 14 дүгээр хорооны Засаг дарга Н.Наранцацрал болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Санамж бичиг байгуулснаар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага хамтран хүүхэд хамгааллын чиглэлээр Хан-Уул дүүргийн 4, 6, 14 дүгээр хороонд “Орон нутгийн хүүхэд хамгаалал” төслийг 3 жилийн хугацаагаар хэрэгжүүлэн ажиллах юм. Төслийн хүрээнд:
- Орон нутаг, эцэг, эх, асран хамгаалагчид нь хүүхдэд ялангуяа нэн эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүчирхийллээс хамгаалагдсан орчинг бүрдүүлж өгөх,
- Хүүхдүүд өөрийгөө болон үе тэнгийхнийгээ хүчирхийллээс хамгаалах,
- Амьдрах ухааны чадварт суралцах хүүхдийг хүчирхийллийн бүхий л хэлбэрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлнэ.
Дэлхийн зөн Монгол ОУ-ын байгууллага нь Монгол улсад 1995 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, эдийн засаг болон өрхийн амжиргааг сайжруулах чиглэлийн төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан хувьсан өөрчлөлт хийж, япуурлыг бууруулах зорилгоор 16 Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр болон 2-3 жилийн богино хугацааны төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм байна.
Тус байгууллага нь шинэ стратегийн түншлэлийн хүрээнд 2017-2020 оны хооронд хэрэгжих “Төгсөлтийн аргачлал-600”, Орон нутгийн хүүхэд хамгаалал” болон “Хүүхдийн төлөөх орон нутаг” төслүүдийг Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхай дүүргүүдэд хэрэгжүүлэх бөгөөд нийт 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд тус төслүүдэд хамрагдах аж.
Уг төслийн нээлтийн үйл ажиллагаа /2017.11.23/ өдөр “Blue sky hotel”-д хурлын танхимд Дэлхийн зөн Монгол ОУ-ын байгууллага, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгууллаа.