Архивын салбар үүсч хөгжсөний 90 жил, дүүргийн архивын үйл ажиллагааг 2015-2020 онд тогтмолжуулж ажиллах хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийн хэрэгжилтийн хүрээнд дүүргүүдийн Архивын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах комиссын үйл ажиллагааг чадавхжуулах, комиссын гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Архивын газартай хамтран “Төрийн ой санамж” сургалтыг Нийслэлийн дүүргүүдийн Архивын тасгийн албан хаагчдын дунд /2017.12.01/ өдөр амжилттай зохион байгууллаа.
Үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд хэлэхдээ “1921 оны Ардын хувьсгал ялсны дараа аймаг орон нутагт байгаа Архивын баримт бичиг, түүх шаштирыг Нийслэл хүрээнд төвлөрүүлэн хариуцах эзэнтэй болж байсан түүхтэй. Улмаар 1924 онд “Судар бичгийн хүрээлэн” үүсгэн байгуулагдаж архивын албан хэрэг хөтлөлтийн анхны байгууллагын эх үндэс тавигдаж эхэлсэн хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Ийнхүү албан ёсоор 1927 оны 12 дугаар сарын 05-ны өдөр одоогийн бүтэц зохион байгуулалт руу орсон байдаг. Түүнчлэн Засгийн газрын шийдвэр гарч Архивын ойн арга хэмжээг 12 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон байдаг. Жил бүр Нийслэлийн дүүргүүд ээлж дараалан уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцан зохион байгуулж байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагаанд тусгагдсан “Төрийн үйлчилгээ-Хорооны хөгжил” зорилтын хүрээнд “Архив бол төрийн ой санамж” сэдвийн дор зохион байгуулагдаж буй. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд чухал үүрэгтэй Архивын тасгийн албан хаагчдаа 90 жилийн ойн баярын мэнд хүргэе. Архив бол Төрийн тусгаар тогтнолын баталгаа, архив бол улс орны оршин байх үндэс, архив бол түүхийн үйлчлэл, түүхийн замнал юм. Нийт архивчдаа дахин баяр хүргэж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэе хэмээлээ.
Архив бол төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд чухал үүрэгтэй байгууллага. Тухайлбал тэтгэвэрт гарч буй иргэд ажилласан жилийн лавлагаа авахаар архивын газарт ханддаг. Мөн орон сууцны эрхийн бичгийн лавлагаа, газрын кадастрын зургийн холбогдолтой лавлагаа, шилжилт хөдөлгөөн, шүүхийн шийдвэртэй холбоотой лавлагааг архивын байгууллагаас иргэд авдаг учир энэ салбарын ажилтан албан хаагчдыг мэргэшүүлэх нь чухал юм. Энэ ч утгаар “Архив бол төрийн ой санамж” сэдэвт нэгдсэн сургалтын зорилго оршино.
Тус сургалтаар Төрийн архивын Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын үйл ажиллагаатай танилцуулж, дадлагажуулах, шинэчлэн батлагдсан дүрмийг сурталчлан таниулах, дүүргүүдийн 2017 онд хийж гүйцэтгэсэн ажилд дүн шинжилгээ хийж, 2018 оны чиглэлийг тодорхойлсон сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.
Сургалтанд Төрийн архивын Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын гишүүд, Дүүргүүдийн Архивын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах комиссын гишүүд болон архивын тасгийн ажилтнууд зэрэг нийт Нийслэлиийн архивын газар, Нийслэлийн 9 дүүргийн 105 албан хаагч хамрагдлаа. Мөн ойн арга хэмжээний үеэр Архивын тасгийн шилдэг албан хаагчдаа шагнаж урамшуулан, цасны хөлбөмбөгийн тэмцээн, дартсын тэмцээнийг зохион байгуулагдлаа.
Цасны хөлбөмбөгийн тэмцээнд:
Тэргүүн байранд: Сонгинохайрхан дүүрэг- алтан медаль, мөнгөн шагнал
Дэд байранд Сүхбаатар дүүрэг – мөнгөн медаль, мөнгөн шагнал
Гутгаар байранд: Налайх дүүрэг – хүрэл медаль, мөнгөн шагнал
Дартсын тэмцээнд:
Тэргүүн байранд: Баянзүрх дүүрэг – алтан медаль
Дэд байранд: Сүхбаатар дүүрэг – мөнгөн медаль, шилжин явах цом
Гутгаар байранд: Багануур дүүрэг – хүрэл медалийг тус тус хүртлээ.
Амжилттай оролцож нийлбэр оноогоороо тэргүүн байранд шалгарсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд “Шилжин явах цом”-ыг өргөмжлөл, мөнгөн шагналын хамт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын дарга Б.Энхболдоос хүлээн авлаа.