Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цахим ертөнцийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хүүхдийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлаар хангах, багш эцэг, эх, сурагчдын уялдаа холбоог сайжруулах зорилгоор хүүхэд хамгааллын “Цахлай” төслийг хэрэгжүүлэх “Айзар зоне” ХХК-тай Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар санамж бичиг байгууллаа.
Хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж бичигт Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, “Айзар зоне” ХХК-ын “Цахлай” төслийн удирдагч С.Батсайхан, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга С.Хүрэлбаатар, 2 дугаар хэлтсийн дарга Н.Батбаяр, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нар гарын үсэг зурлаа.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд нээж үг хэлэхдээ “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр том ажил хийхээр төлөвлөөд байна.
Нэгдүгээрт 2018 онд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүхүүдтэй хамтарч ажиллахаар болоод байна. Энэ ажлын хүрээнд манай дүүргийн сургуулиудын ахлах ангийн сурагчид хуваарийн дагуу шүүх хуралдаанд оролцоно. Ингэснээр хар тамхи, мансууруулах бодис, танхай, хулгайн гэмт хэргүүдийн хор хөнөөл аюулыг урьдчилан мэдэх, мэдээ мэдээллээр хангагдах анхны мэдэгдэхүүнтэй болж байгаа юм.
Хоёрдугаарт: “Цахлай” төслийн хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ЕБС-ийн сурагчдыг бүрэн хамруулна. Үр дүнг бодитоор харахын тулд эхний ээлжинд 4 сургууль дээр 2 сарын хугацаатай хэрэгжүүлж эхлээд байна. Төсөл хэрэгжүүлэгч “Айзарзоне” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эдгээр 4 сургуульд холболтын хураамжгүйгээр үйлчилгээ өгөх юм. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд хүүхдүүддээ хэдий хэмжээний анхаарал тавьдаг, сурагчид хичээлийн бус цагаар хаана юу хийдэг гэх зэрэг мэдээллийг цаг алдахгүй авах жишээний. Мөн гүүгл газрын зургийг ашиглаж хүүхдүүдийн очиж буй газрыг тогтооно. Түүнчлэн интернэт орчинд хэдэн цаг зарцуулж, ямар сайт руу их хандаж байгаа зэрэг бодит мэдээлэл багтана. Хүүхдүүд хичээлээ тараад РС тоглоомын газарт цуглаад байна уу, аль эсвэл эзгүй хонгилд суугаад байна уу гэх мэтээр хүүхдийн насны ангиллаар нь хаана чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа маршрутыг гаргаж авах. Ийнхүү 2 сарын дараа эцэг эхчүүдэд үр дүнг танилцуулахаар төлөвлөөд байна” хэмээлээ.