Хан-Уул
Мэдээлэл

ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ШҮҮХ ХУРАЛДААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн, архивын тасаг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газартай хамтран өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн 52, 75-р сургуулийн ахлах ангийн 50 сурагч эрх зүйн мэдлэг дээшлүүлэх сургалтад хамрагдаж хулгай, танхайн гэмт хэргийн нээлттэй шүүх хуралд өнөөдөр оролцлоо.

ХУД-ийн ЗДТГ-ын Хууль зүй, архивын тасгийн дарга Ч.Байгаль:
Ерөнхий боловсрол сургуулийн сурагчдад эрх зүйн мэдлэг олгох зорилгоор шүүх хуралдааны үйл ажиллагаатай танилцууллаа. Хууль зөрчвөл хариуцлага хүлээдэг гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах зорилгоор хулгай, танхайн гэмт хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэдэг болохыг ахлах ангийн сурагчдад харууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид гэмт хэрэгт өртөж болзошгүй байдаг юм. Анх удаа ийм төрлийн эрх зүйн сургалтыг зохион байгуулж байна. Энэ жил Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 15 сургуулийн ахлах ангийн сурагчдыг шүүх хуралдааны үйл ажиллагаатай танилцуулна. Өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай 50 сурагч танилцаж танхайн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй иргэнд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг болохыг харлаа.  Сурагчид маань их зүйлийг ойлгож авсан. Хүний ухамсарт нөлөөлөх нь гэмт хэргээс сэргийлэх үр дүнтэй арга юм.

75-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Аззаяа:
Өмнө нь телевизээр шүүх хурлын талаар харж байсан. Энэ сургалт их шинэлэг байлаа. Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдож байгаа нь эрх зүйн мэддэггүйтэй холбоотой байдаг юм байна. Өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан хүмүүст уруу татагдах, эсвэл хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдэж байгааг мэдэж авлаа.